“Хэн ч, Хэзээ ч, Хаана ч бэлэн” буухиа тэмцээн зохион явууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-10-14 14:15:24

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газраас гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг энэ сарын 13-нд зохион байгууллаа.

Өдөрлөгөөр Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Онцгой байдлын үйл ажиллагааг иргэдэд сурталчилж, “Өсвөрийн аврагч бүлэг”-ийн дунд гамшгаас хамгаалах мэдлэг, авхаалж самбааг сорьсон “Хэн ч, Хэзээ ч, Хаана ч бэлэн” буухиа тэмцээнийг явууллаа. Уг тэмцээнд Арвайхээр сумын ерөнхий боловсролын таван сургуулийн 30 гаруй сурагч оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдсөнөөс ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн Ц.Бат-Орших ахлагчтай баг тамирчид тэргүүн байр, Мэргэд лаборатори сургуулийн Ц.Энхтүвшин ахлагчтай баг тамирчид дэд байр, ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн Ц.Халхтулга ахлагчтай баг тамирчид гутгаар байрыг тус тус эзэлсэн байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр 31 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст сурталчлан таниулах нь тус өдрийн зорилго юм.

Холбоотой мэдээ