О.Пүрэвбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн 10 жинд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-14 11:32:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн цомын тэмцээн 10 дугаар сарын 16-18-нд Спортын төв ордны “А” танхимд болно.

 

Дэлхийн АШТ-ий хошой мөнгөн /2001, 2002/ медальт О.Пүрэвбаатар нь 2002 оны Дэлхийн цомын АШТ-ий хүрэл, Азийн наадмын алт, мөнгө, Ази тивийн аварга, Монгол Улсын долоон удаагийн аварга тамирчин юм.


 

О.Пүрэвбаатар зодог тайлснаасаа хойш өөрийн залгамж халааг бэлтгэх дасгалжуулагчийн хөдөлмөрт шилжиж, ДАШТ-ий мөнгөн медальт Б.Номин, хүрэл медальт Т.Түвшинтулга зэрэг шилдэг бөхчүүдийг төрүүлэн гаргасаар байгаа билээ.

 

2009 оноос хойш тасралтгүй явагдсан энэхүү тэмцээн өмнө нь залуучуудын хөнгөн жингийн ангиллаар зохион байгуулж байсан бол энэ удаа олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тамирчдаа бэлтгэх үүднээс насанд хүрэгчдийн 10 жингээр ангиллаар шилдгүүдийг шалгаруулах юм.

Холбоотой мэдээ