Гамшгийн эрсдэлийг таниулах өдрөөр сургалт, дадлага зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-10-14 09:24:45

 Дархан-Уул /МОНЦАМЭ/. Гамшгийн эрсдэлийг таниулах олон улсын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тохиодог. Энэхүү өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр 31 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Тус өдрийг тохиолдуулан аймгийн ОБГ-аас "Найрамдал" талбайд НҮБ-ын Ерөнхий ассамблейгээс дэвшүүлсэн “Гамшгийн эрсдэлийн удирдлага” уриан дор иргэд олон нийтэд өөрсдийн үйл ажиллагааг сурталчлан нээлттэй хаалганы өдөрлөг хэлбэрээр зохион байгууллаа. Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд энэхүү өдрийн гол зорилго оршиж байгаа аж.

Олон улсын өдрийн хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагууд гамшигт тэсвэртэй дэд бүтцийн ач холбогдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгын хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль сурталчлах өдөрлөгийг зохион байгуулж, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн дунд хичээл, сургалт дадлагуудыг зохион байгуулж, осол болсон тохиолдолд мэргэжлийн байгууллага хэрхэн ажиллах, иргэд анхан шатны тусламжийг үзүүлэх талаар Улаан загалмайн хорооноос сайн дурын идэвхтэн гишүүдийн хамт үзүүлэх сургалт зохион байгуулав.

 

Холбоотой мэдээ