Дархан хотын 200 иргэн төрийн дээд одон, медалиар энгэрээ мялаалаа

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-10-13 19:48:10

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын Хувьсгалын 99 жил, Ардчилсан хувьсгалын 31 жилийн ой, Дархан хотын үүсэн байгуулагдсаны 59 жилийн ойн баярыг холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 123 дугаар зарлигаар 200 иргэн төрийн дээд одон медаль хүртлээ.

Тодруулбал аймгийн Төр, захиргаа, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг спорт, шинжлэх ухаан, эрчим хүч, уул уурхайн салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, аймаг орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган, олон жил үр бүтээлтэй ажилласан салбар салбарын манлайлал, ахмад буурлууддаа 59 жилийн ойн баярын өмнөхөн ийнхүү хөдөлмөр зүтгэлийг нь үнэллээ.

Салбар салбарын сайчууддаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс шагналыг нь гардуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын зөвлөх Ц.Эрдэнэбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга С.Бат-Эрдэнэ нар хүрэлцэн ирсэн юм.

Уг үйл ажиллагааны үеэр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 19, Цэргийн гавьяаны одонгоор 1, Алтан гадас одонгоор 95, Цэргийн хүндэт тэмдгээр 2, Хөдөлмөрийн хүндэт медалиар 83 хүн тус тус шагнуулж энгэрээ мялаалаа. Нийт шагнал авсан Дархан хотын иргэддээ аймгийн Засаг дарга С.Насанбат баяр хүргэсэн юм.

 

Холбоотой мэдээ