Нийтийн эзэмшлийн замыг бүрэн гэрэлтүүлэгтэй болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-10-12 18:17:24

Завхан/МОНЦАМЭ/. Улиастай сум сүүлийн хоёр жилийн хугацаанд нийтийн эзэмшлийн зам талбай гэр хороололд 460 ширхэг гэрэлтүүлгийг шинээр суурилуулж 1016 ширхэг гэрэлтүүлэгтэй боллоо гэж ЗДТГ-аас мэдээлэв.

Тухайлбал 2013-2016 онд нэг ширхэг гэрэлтүүлгийг ойролцоогоор 2.200.000-2.400.000 төгрөгийн өртөгтэй босгож байжээ. Харин 2017-2020 онд шинээр суурилуулсан гэрэлтүүлгийг материалын тендер зарлаж Хот тохижилт үйлчилгээний албаар гүйцэтгүүлснээр нэг ширхэг гэрэлтүүлгийг 850.000 төгрөгийн өртгөөр босгожээ. Мөн Улиастай сумын авто болон явган хүний зам, гэр хороололд ашиглаж байгаа гэрэлтүүлгийн  410 ширхэг  толгой, 80 ширхэг шулуутгагч, 120 ширхэг платыг шинэчлэн сольж иргэдийн шөнийн цагаар зорчих аюулгүй байдлыг ханган ажиллаж байна гэв. 


Хяналтын камер бүрэн ажиллаж байгаа

Улиастайд нийт 47 цэгт 149 хяналтын камер суурилуулжээ.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд орчноо камержуулах, гэрэлтүүлэгтэй болгох зайлшгүй шаардлагатай. Камер, гэрэлтүүлэг нь зөвхөн хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж байгаа хэрэг биш юм.

Аливаа эрсдэл, гаднын нөлөөнөөс хамгаалах, таны болон бусдын аюулгүй ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлж байдаг. Улиастай суманд “Гудамж” төсөл өнгөрсөн жилээс хэрэгжиж сумын хэмжээнд хатуу хучилттай автозамын шинэчлэл, өргөтгөл засвар хийж байх үед камеруудыг түр зогсоосон. Харин өнөөдрийн байдлаар сумын хэмжээнд нийт 47 цэгт камер бүрэн ажиллаж байгаа. Аймгийн төвд сүүлийн хоёр жил нийтийн эзэмшлийн гудамж талбай, байгууллага бүр дотор гадна орчноо камержуулах ажлыг идэвхтэй хийсэн нь үр дүнгээ өгч байна.

Тухайлбал гудамж талбайд үйлдэгддэг хэрэг зөрчил сүүлийн хоёр жил 30 гаруй хувиар буурсан байна. Мөн хулгайн гэмт хэрэг, зам тээврийн эзэнгүй осол хэрэг буурч илрүүлэлт сайжирсан дүнтэй байна. Ер нь хяналтын камер ашигласнаар олон давуу талтай. Иргэдээс ирүүлсэн дуудлага, мэдээллийг түргэн шуурхай хүлээн авч цаг алдалгүй арга хэмжээ авах. Гэмт хэрэг, зөрчлийн цахим зураглалын системийг ашиглан гэмт хэрэг, зөрчил үйлдсэн цагийг 24 цагийн дотор газрын зурагт тэмдэглэн эмзэг цэгүүдийг тодорхойлж, тухайн цэгт хөдөлгөөнт болон явган эргүүл ажиллуулах.

Олон нийтийн газар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн дуудлагыг шуурхай мэдээлснээр иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллах бүрэн боломжтой болж байгаа юм хэмээн аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв. Ташрамд аймгийн төв талбайд ашиглалтгүй байсан Led самбарыг зөөвөрлөн наадмын талбайд байршуулж ашиглалтад оруулсан байна. Ингэснээр наадмын талбайд зохион байгуулагдаж буй арга хэмжээг дэлгэцээр үзэх боломжтой болсон төдийгүй, реклам сурталчилгаа мэдээллийг тус дэлгэцээр үзүүлдэг болжээ. Түүнчлэн Улиастай сумын төв гудамж дагуу хоёр ширхэг электрон самбарыг байршуулснаар товч мэдээлэл, зарыг шуурхай хүргэдэг болжээ.  

Холбоотой мэдээ