Д.Трамп Ж.Байдентай зайнаас мэтгэлцээнд оролцохгүй

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-09 11:28:32

НЬЮ-ЙОРК. /Fox Business/. АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трамп сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байдентай сонгуулийн өмнө хийх мэтгэлцээнд зайнаас оролцох бодолгүй байна.


“Комисс мэтгэлцээн явуулах хэлбэрийг өөрчилсөн гэж дуулсан. Ингэхийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Би цахим хэлбэрээр мэтгэлцээнд оролцохгүй" гэж тэрбээр мэдэгджээ. Түүнчлэн мэтгэлцээний эхний шатанд Ж.Байденыг төвөггүй ялах байсан гэдэгт итгэлтэй буйгаа Д.Трамп илэрхийлсэн байна.


“Цахимаар мэтгээлцээн хийхэд цагаа үрмээргүй байна. Мэтгэлцээний гол утга учир нь үүндээ байдаггүй. Компьютерын цаана сууж, мэтгэлцэх нь утгагүй хэрэг” гэж Д.Трамп онцлон тэмдэглэжээ.


Д.Трампын биеийн байдал

“Миний биеийн байдал харьцангуй сайн байгаа бөгөөд би сонгуулийн өмнө дэмжигчидтэйгээ уулзалт хийхийг хүсэж байна. Миний бие сүүлийн 20 жилд байгаагүйгээр сайн байна” гэж Д.Трамп хэлсэн байна. 


Өөрөөс нь коронавирусний халдвар авах боломжгүй гэж Цагаан ордны тэргүүн үзэж байгаагаас гадна сонгуулийн өмнөх дэмжигчидтэйгээ хийх уулзалтад бэлэн байгаагаа илэрхийлжээ.


Коронавирусний эмчилгээнд зориулагдсан бэлдмэлүүд

Д.Трамп “Regeneron” болон “Eli Lilly эмийн үр дүнтэй байдлыг цохон дурджээ. Гэсэн ч тэрбээр эм уухаа зогсоосон гэдгээ мэдэгдсэн байна.


Уолтер Ридийн нэрэмжит эмнэлэгт ирснээс нь хойш 24 цагийн дараа түүнийг гаргаж болох байсан гэж Д.Трамп ярьсан байна. “Үнэнийг хэлэхэд тийшээ очих ч хэрэг байгаагүй” гэж тэрбээр хэлжээ.


Түүнчлэн “Regeneron”, “Eli Lilly” эм бэлдмэлүүдээр эмнэлгүүдийг үнэ төлбөргүй хангана гэдгээ мэдэгдсэн байна.


Дэмжигчидтэйгээ хийх уулзалт

Д.Трамп сонгуулийн өмнө Ж.Байдентай хийх мэтгэлцээнд цахим хэлбэрээр оролцохын оронд дэмжигчидтэйгээ уулзана гэж түүний сонгуулийн өмнөх кампанит ажлын менежер Уильям Степин мэдэгдсэн байна.


“Сонгогчид хоёр нэр дэвшигчийн нүүр тулан мэтгэлцэхийг харах боломжоо алдахгүйгээр телевизийн мэтгэлцээнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах нь хэцүү биш. Бид энэ бяцхан шалтгийг ашиглан Ж.Байденд тус хүргэж байна. Харин Д.Трамп дэмжигчдийнхээ өмнө үг хэлнэ” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ. 


Өөрөөс нь болон гэргий Меланья  Трампаас коронавирусний халдвар илэрсэн тухай Д.Трамп 10 дугаар сарын 2-нд “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Удалгүй тэрбээр Мэрилэнд муж улсын Бетесда хотын Уолтер Ридийн нэрэмжит эмнэлэгт хүргэгдсэн юм. Д.Трамп даваа гарагт эмнэлгээс гарч, Цагаан ордондоо эргэн ирсэн. Үүнтэй холбоотойгоор түүний эмч Шон Конли мэдэгдэхдээ, ерөнхийлөгчийн биеийн байдлын талаар хэлэхэд түүнийг эмнэлгээс гаргаж болохгүй гэх айдас байгаагүй гэжээ. 

Холбоотой мэдээ