БАТ-ӨЛЗИЙ СУМЫН ТҮҮХЭН БОЛОН БАЙГАЛИЙН ДУРСГАЛТ ГАЗРУУД

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2020-10-06 12:21:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Монголын эртний хаадын нийслэл хотууд оршин тогтнож байсан Орхоны хөндийн соёлын дурсгалыг хадгалсан Өвөрхангай аймаг байгалийн цогцолборт болон түүхэн дурсгал олон бий. Үүн дотроос Бат-Өлзий сумын нутагт хүрэл зэвсгийн үеэс эхлэн XIII зууны үе хүртэлх үүх түүхийг хадгалсан соёлын биет өв, жуулчдын ихээр сонирхон очдог Улаан цутгалан, Хүйсийн Найман нуур, Үүртийн тохой гэх мэт байгалийн цогцолборт газрууд олон. Тиймдээ ч газар нутгийн 80-аад хувь нь  улсын тусгай хамгаалалтанд багтсан байдаг аж.


Тус сум нь 1924 онд байгуулагджээ. Өнгөрсөн онд гэхэд л Бат-Өлзий сумын нэгдүгээр багийн нутаг Өндөр хясаа хэмээх газарт таван түмэн сарлагийн баяр болсон юм. Тиймдээ ч сарлагийн тоогоор аймагтаа тэргүүлэгч сумдын нэг бөгөөд “Статистикийн мэдээллийн нэгдсэн сан”-гаас шүүж үзвэл өнгөрөгч оны эцсийн байдлаар 300.629 тоо толгой мал тоолуулснаас 50 мянга нь сарлаг байв. Монгол орны нийслэл Улаанбаатар хотоос 425 км алслагдсан тус сум нь Өвөрхангай аймгийн хойд зах буюу Хангайн нуруунд байх 19 сумынх нь нэг юм. Тайгын бүс голчилсон газарзүйн онцлог бүхий сэрүүн уур амьсгалтай тул сарлаг өсгөхөд нэн тохиромжтой цаг агаарын нөхцөлтэй.



Учир нь сарлаг өндөр уулын бүсийн байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлд гойд зохицон амьдардаг. Цавчим ангал ихтэй хад асга бүхий бэлчээрийг илүүтэй ашиглаж, гол болон уулс хоорондын хөндий зэрэг өөр төрлийн мал ихээр өсгөх боломжгүй бэлчээрт дасан зохицдог учраас бэлчээрийн даацад сөрөг нөлөө үзүүлэх нь тун ховор байдаг. Энэ нь монгол сарлагийн нэг давуу тал болдог билээ.


Ийнхүү Бат-Өлзий сумын байгалийн цогцолборт болон түүхэн дурсгалт зарим газрыг уншигч танд танилцуулж байна. 


ТӨВХӨН ХИЙД




Бат-Өлзий сумын төвөөс хойш 50 км зайтай Өндөр-Овоот буюу Шивээт Улаан хэмээх аглаг ой модоор хүрээлэгдсэн асга хадтай өндөр уул бий. Тус газар нь Өвөрхангай аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудын нэг мөн. Харин үүнээс гадна түүхийн чухал дурсгалт газар гэдгээрээ илүү алдартай.


Учир нь уулын оройн байц хадны багавтар дэвсгэр дээр Монголын Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлээ туурвиж, бясалгал үйлдэж байсан Төвхөн хийд бий. 1651 онд тус газарт Занабазар чулуун ханатай жижиг байшинг бариулсан бөгөөд түүнийг нь “Дубхан” гэх буюу “Бүтээх байр” гэж нэрлэсэн нь эдүгээ “Төвхөн” болон хувирчээ.




Өндөр Гэгээн Занабазар тус хийдэд сууж байхдаа 1686 онд “Соёмбо” үсгийг зохиож, “Адистадын дээдийг хайрлагч Жанловоцогзолма" буюу монголоор “Итгэл” судар хэмээх цагийг тохинуулагч хамгийн алдартай зохиолоо айлдахын сацуу 
ур ухааны хосгүй оргил болсон цагаан, ногоон дарь эх зэрэг цутгамал бурхадыг урласан байдаг. Төвхөн хийдийг 1992 онд Улсын тусгай хамгаалалтанд авч, 2001 онд улсын төсвийн хөрөнгөөр 4 сүм, 2 суварга, асарт хаалга зэргийг анхлан байсан төрхийнх нь дагуу сэргээн босгож засварласан юм. Хийдийн дэргэд 2 худаг байдаг бөгөөд Өндөр гэгээн Занабазар баруун талын худгаас амны ус, зүүн худгаас угаал үйлдэх усаа авдаг байсан гэдэг.


Төвхөн хийд нь 30 метр дээш өргөгдсөн хадны тавцан дээр байрласан ба хурлын дуган, Очирдарь ба Гомбогүр бурхадын сүм, Бүтээлийн сүм, Мөнх зулын сүм, хоёр суварга, нэг хүрдний бяцхан саравч бүхий жижиг хийд зэрэг 14 орчим сүм дугантай байсан гэж үздэг. Басхүү хадны оройн дээд хэсэгт “Лусын дагинын сүм” байрлуулжээ.



Хийдийн эргэн тойронд Өндөр гэгээн Занабазарын амардаг байсан суудал, морины уяа гэгдэх холбоо хоёр мод, нүдний рашаан, монгол гутлынх нь болон гарын алганы мөр зэрэг дурсгалууд бий.


Эхийн умай агуй



Хийдийн ард талд 20-иод метр өндөр эгц хад бий. Дор нь очиж зогссон хүнд дээр буй зүйлс харагдахгүй. Тус эгц хад нь хүний хөлийн өргөний хэмжээтэй, гишгүүр адил тогтоцтой. Дээд талд нь “Эхий умай” нэртэй агуй бий. Тус агуй нь мөн арын байц хадыг нэвтэлж гарсан нүхний дээд хэсэгт байрлана. Агуйд мөлхөж орсон бол буцаж гарахдаа эрэгтэй хүн баруун тийш, эмэгтэй зүүн тийш эргэн гарч ирэхэд тухайн хүн ариуслыг олж, эхээс дахин мэндэлсэн мэт болдог хэмээн үздэг.


Соёмбо үсгийн гэрэлт хөшөө



1967 онд хийдийн барилгад судалгаа, зураглал, хэмжилт хийж өмнө талын нурсан чулууг засаж цэгцэлснээр явган хүн явах хуучин гарцыг сэргээсэн байна. Энэхүү дээш өгсдөг замын эхэнд Соёмбо үсэг зохиосны 333 жилийн ойд зориулсан гэрэлт хөшөөг 2019 онд босгожээ.


Уг гэрэлт хөшөөг Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар болон яруу найрагч Ц.Хулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шашин, соёлын бодлогын зөвлөх байхдаа санаачилжээ. Түүнчлэн Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн Бурханч лам М.Эрдэмбилэг, “Зүүн хүрээ коллеж”-ийн захирал Ц.Мөнх-Эрдэнэ нар шүтээн хөшөөний суурь болон эх загварыг гаргаж “Маргад Тражу” ХХК-ийн хамт олон хөшөөг урлах ажлыг гүйцэтгэсэн байна.


УЛААН ЦУТГАЛАНГИЙН ХҮРХРЭЭ



Дөрөвдөгч галавын үед Хангайн нуруунаас эх авах Цагаан азарга голын эхэнд галт уул дэлбэрэн оргилж түүний халуун хайлмал бодис нь Орхоны хөндийг уруудан урсаж хэдэн арван км зузаан хүрмэн чулуун хучлага үүсгэжээ. Энэхүү хүрмэн чулуун дундуур Хятрууны нуруунаас Хархорин сум хүртэлх 130 км газраар Орхон гол урсана. Харин Орхон голын баруун биед цутгах Улаан голд үүссэн 20 гаруй метр өндрөөс буудаг хүрхрээ бий. Үүнийг Улаан цутгалангийн хүрхрээ гэж нэрийддэг.


Хүрхрээний ойролцоох хүрмэн чулуун хавцлын ханан дээр нэлээд олон хадны зураг бий гэж үздэг боловч усны урсгалын нөлөөгөөр нь ихэнх нь бүдгэрсэн байна. Тиймээс нарийвчлан эрж, хайвал одоогоор илрүүлээд байгаа зургийн тоо нэмэгдэх магадлалтай хэмээн судлаачид дүгнэдэг юм.


Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт Улаан цутгалангаас гадна Орхоны их, бага хүрхрээ, Цагаан голын хүрхрээ, Татуурын хүрхрээ зэрэг олон хүрхрээ бий.


ҮҮРТИЙН ТОХОЙ



Бат-Өлзий сумаас зүүн хойш 18 км зайд орших ханан хад бүхий хавцлыг Үүртийн тохой гэнэ. Далайн түвшнээс дээш 1630 метр өргөгдсөн тус газарт дотрын өвчинд тустай хүйтэн рашаан бий. Анх тус газар “Хүүртийн тохой” гэсэн нэртэй байв. Энэ тухай гурван янзын домог байдаг.


Ойрадын Галдан Бошигт хаан Өндөр Гэгээн Занабазарыг барихаар Төвхөн хийд орох замд Орхон гол гэнэт үерлэн Галдан Бошигтын цэргүүд олноороо үйжээ. Үхсэн цэргүүдийн хүүр Үүртийн тохойд овоорон гарч ирсэн тул “Хүүртийн тохой” гэж нэрлэсэн гэдэг. Хожим тус газарт хүн, мал ихээр эндэх болсон тул нутгийн иргэд нэрийг нь эерүүлэн Үүртийн тохой гэж нэрлэжээ. Ийнхүү Ойрад цэргүүд усанд амиа алдаж ялалт авчирснаас гадна Өндөр Гэгээн Занбазарыг аварсан тул Орхон голд Манжийн хаан “Түшээ гүн” хэмээх цол олгосон гэгддэг.


Орхон гол нь Улаан эргээс тасралтгүй 10-25 метрийн өндөр хавцал дундуур урсаж Үүртийн тохой хүртэл 60 гаруй км замыг туулна.


ТЭМЭЭН ЧУЛУУНЫ АМНЫ ДӨРВӨЛЖИН БУЛШ, БУГАН ХӨШӨӨ



Бат-Өлзий сумын Цагаан голын цутгалангаас нэг км зайд орших Тэмээн чулууны аманд дөрвөлжин булш, буган чулуун хөшөө бүхий бүлэг дурсгал бий. Энэхүү дурсгал нь хүрэл зэвсгийн үе буюу НТӨ III-I мянганы эхэн хүртэлх хугацаанд хамаарагддаг байна.



Хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед холбогдох гайхамшигт дурсгал бол буган хөшөө, дөрвөлжин булш юм. Тиймдээ ч тус газарт байрлах дөрвөлжин булшны хашлага чулууг буган чулуун хөшөөг ашиглан хийсэн нь судлаачдын сонирхлыг ихээхэн татдаг ажээ. Тэмээн чулууны амны 1 дүгээр буган хөшөө нь 1 метр өндөр, 0.55 метр өргөн, 0.16 мерт зузаан боржингоор хийгджээ. Нэг өргөн хавтгай дээр нь бугын дүрслэл, 10 см өргөн бүслүүр дүрсэлсэн нь илэрхий үзэгдэнэ. Хөшөөн дээр бугыг сонгодог байдлаар дүрслэн түүний доод бүснээс цагираг хэлбэрийн сэнжтэй хутга, таван өнцөгт бамбай, нум сум зүүсэн байдлаар дүрсэлсэн байв.



Тэмээн чулууны амнаас "Хархорум музей"-д зөөвөрлөн авчирсан буган хөшөө. Гэрэл зургийг | Н.Батбаяр


Харин 2 дугаар буган хөшөөг 2010 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Хархорум музей”-д шилжүүлэн байрлуулж оронд нь дурсгалын чулуу босгожээ. Тус хөшөө нь дүрслэлийн хувьд 4-5 бугыг тэнгэр өөд цойлж, нурууг нь дагуулан эвэр нь угалзарсан буйгаар загварчилжээ. Хөшөөг мөн боржин чулуугаар үйлдсэн бөгөөд нэг талын өргөн хэсэгт бугын дүрс, түүний доор гурвалжин дүрс бүхий бүслүүр, ар талд таван өнцөгт бамбай зэрэг дүрсийг товойлгон дүрсэлсэн байна. Уг буган хөшөөний өндөр нь хоёр метр, өргөн нь 70 см, зузаан нь 23 см юм.




Энэхүү Тэмээн чулууны аманд орших буган хөшөө, дөрвөлжин булш, хиргисүүр зэрэг нь хойноос урагшаа буюу 1100 метр үргэлжилсэн газрыг хамран цогцолбор байдлаар оршиж байдаг юм.


1971 онд тус газарт хийсэн археологийн малтлага судалгаагаар үхэр, хонины яс, хүрэл болон ясан эдлэл, шавар савны хагархай зэрэг олджээ.


ӨНДӨР ХЯСААНЫ БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨ



Буган хөшөө бол Монгол болон Төв Азийн нутаг дэвсгэр дээр хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед оршин сууж байсан овог аймгийн түүх соёлын гайхамшигтай дурсгалын нэг билээ.


Бат-Өлзий сумын Улаан цутгалангийн хүрхрээнээс баруун тийш, Орхон голын өмнөд эргийн довцог дээр нэгэн буган чулуун хөшөө бий. Тус газар нь сумын Улаан амын нэгдүгээр багт орох юм. Хөшөөг хамгаалах зорилгоор модон хашаагаар дөрвөн талыг нь битүү хүрээлүүлж хашаалсан байна. Хөшөөний нүүрэн тал нь салхи, нарны нөлөөнд ихэд бүдгэрсэн бололтой. Харин ард талд дээш цойлон давхилдах бугын дүрс харагдана. Мөнхүү нүүрэн талын хэсгийн дээд талд нарыг бэлгэдсэн дугуй дүрс дүрсэлжээ. 



Нутгийн иргэд үүнийг Өндөр хясааны буган чулуун хөшөө гэж нэрлэдэг боловч ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс гаргасан “Монголын буган хөшөө” катологид бүртгэгдээгүй байна. 


Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ