ДЭМБ: Дэлхий даяар 10 хүн тутмын нэг нь халдвар авсан байж болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-10-06 09:30:28

ЖЕНЕВ. /BBC/. Дэлхий даяар 10 хүн тутмын нэг нь коронавирусээр халдварласан байж болзошгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ тус байгууллагын удирдагчдын уулзалтын үеэр мэдээлжээ.


Энэхүү тооцоолол дэлхий нийтийн дийлэнхэд эрсдэл учирсан хэвээр байгааг харуулж байна гэж ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан дарга Майк Райан хэлсэн байна.


Дэлхий даяар коронавирусний халдварын батлагдсан 35 сая гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа бол ДЭМБ бодит үзүүлэлт 800 саяд дөхсөн хэмээн тооцоолсон байна. Халдварын тохиолдлын бодит тоо батлагдсан тооноос илүү байгаа нь тодорхой гэж мэргэжилтнүүд мэдэгдсээр ирсэн юм.


ДЭМБ цар тахалтай тэмцэх чиглэлд авч хэрэгжүүлэх дэлхий дахины арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэхээр Швейцарын Женев хот дахь төв байрандаа уулзалт зохион байгуулж байна. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр дэлхий даяар нэг сая гаруй хүн халдварын улмаас нас баржээ.


Цар тахал дэгдсэнээс хойш 10 сарын хугацаа өнгөрч байгаа боловч халдвараас ангижрах төлөв ажиглагдаагүй байна. Мөн дэлхийн хэд хэдэн оронд хязгаарлалтуудыг сулруулсны дараа халдварын хоёр дахь давлагаа эхэлж, зарим тохиолдолд халдварын үзүүлэлтүүд хавьгүй өндөр байж болзошгүй байна. 

Холбоотой мэдээ