“Lenovo” дэлхийн анхны эвхэгддэг дэлгэцтэй зөөврийн компьютерыг гаргав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2020-10-01 17:15:32

БЭЭЖИН. /The Verge/. “Lenovo” компани тэг дундуур нь нугалж болдог 13 инчийн OLED дэлгэцээр тоноглосон “Thinkpad X1 Fold” зөөврийн компьютероо гаргажээ.


Энэхүү зөөврийн компьютерыг бүрэн дэлгэсэн эсвэл дэлгэцийг нь зэргэлдээ хоёр дэлгэц болгон хуваасан тохиолдолд том таблет болгон ашиглаж болно. Мөн хэвтээ байдлаар гар, суурийн хамт 13 инчийн зөөврийн компьютер болгож эсвэл 90 градус нугалж босоо байдлаар ашиглах боломжтой юм.


“Thinkpad X1 Fold” зөөврийн компьютер нь “Intel” компанийн бүтээсэн “Lakefield” процессортой, хос USB-C порт болон SIM картын оролттой, 8 гб-ын шуурхай санах ой, 1 тб-ын багтаамжтай үндсэн санах ойтой байна. Нэг кг орчим жинтэй бөгөөд 5G технологийг дэмждэг аж.


“Lenovo” компани мөн 0.9 кг жинтэй “ThinkPad X1 Nano” зөөврийн компьютероо танилцуулсан байна. Энэ нь урьд өмнө үйлдвэрлэж байсан компьютеруудаас хамгийн хөнгөхөн зөөврийн компьютер юм. 

Холбоотой мэдээ