Дархан-Уул аймгийн АН-ын хороо Ерөнхийлөгчид гомдол өргөн барина

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-01 12:51:45
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Ардчилсан намын хороо орон нутгийн сонгуульд өрсөлдөж чадахгүй болсонтой холбоотойгоор тус намын хорооноос УИХ дахь АН-ын бүлгээр дамжуулан Ерөнхийлөгчид гомдол өргөн барьж буй талаар Төрийн ордонд өнөөдөр мэдээллээ. 


Дорнод аймгийн Чойбалсан сум болон Дархан-Уул аймаг дахь АН-ын хороо Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох боломжгүй болоод байна. Тодруулбал, аймаг, орон нутгийнхаа Сонгуулийн хороонд материалаа бүрдүүлэн өгсөн ч Аудитын байгууллагаас хандивын дансыг нь баталгаажуулаагүй аж. 


Энэ талаар Дархан-Уул аймгийн АН-ын дарга, АН-ын ҮБХ-ны гишүүн Г.Гантулга, “Аймгийн АН-ын хорооноос мөрийн хөтөлбөрөө Аудитын байгууллагад албан ёсоор хуулийн хугацаандаа буюу 6 дугаар сарын 24-нд хүргүүлсэн. Энэ үед хуульд заасны дагуу хандивын данс баталгаажуулах ёстой байсан ч аймгийн Аудитын байгууллагын дарга нар хэт улстөржиж  баталгаа хүссэн хүсэлтийг хүлээж аваагүй. Үүнээс болж аймгийн Сонгуулийн хороо манай нэр дэвшигчдийг бүртгэх боломжгүй болсон. Энэ байдлыг Сонгуулийн хороондоо дурдаад, Аудитын байгууллагын хууль бус үйлдлийг эсэргүүцэж аймгийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан, шүүх хурал ч болсон. Шүүх хурлаар хэт нэг талыг барьж МАН-ыг дангаар нь ялуулах бодлого баримталж байсныг нь тогтоосон. Аудитын байгууллага улс төржиж Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхэнд бүдүүлгээр халдаж байна. Аудитын байгууллагын мөрийн хөтөлбөр хариуцсан ажилтан нь ажлаа үнэнчээр хийсэн байхад баталгаажуулалт хүлээн авах хүн нь бүртгээгүй, энэ талаар мэдэгдээгүй нь хууль бус үйлдэл. Аймгийн Аудитын байгууллагын дарга нь улстөржиж долоодугаар сарын 20-нд Дархан-Уул аймгийн АН-ын хороо сонгуульд оролцохооргүй боллоо гэсэн утгатай мэдээллийг цахим орчинд тараасан. Тиймээс Дархан-Уул аймагт олон жил ноёлсон МАН-ын эрх ашгийг хамгаалсан төрийн албан хаагчид бий болсон гэж үзэж байна” хэмээв. 


Тэрээр, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар зургаан зөрчлийн баримтыг аймгийн Сонгуулийн хороо болон цагдаа, тагнуулын байгууллагад мэдүүлсэн ч огт авч хэлэлцээгүй хэмээн мэдээлэлдээ тэмдэглэв. Төрийн албан хаагчид хэт улстөржиж нам, нэр дэвшигчдийн эрхэнд халдах нөхцөл байдал үүссэн тул УИХ дахь АН-ын бүлгээр дамжуулан Ерөнхийлөгчид гомдол өргөн барьж байгааг мэдээллийн төгсгөлд дурдлаа.

Холбоотой мэдээ