Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь интернэтэд холбогдоогүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-05-20 13:30:06

ЛОС-АНЖЕЛЕС. /VOA/. Өнөөдрийн байдлаар гар утас, компьютер зэрэг 9 тэрбум гаруй төхөөрөмж интернэтэд холбогдсон байгаа боловч дэлхийн хүн амын талаас илүү хувь нь интернэтэд холбогдоогүй байна гэж Дэлхийн банкнаас гаргасан мэдээлэлд дурджээ.

Цахим технологи боловсруулагчид болон засгийн газрын албаны хүмүүс ярихдаа "олон хүний амьдралыг сайжруулахын тулд тэднийг интернэтэд холбох нь чухал" гэдгийг онцолдог.

"Авлигын эсрэг,  ил тод байдал, нээлттэй байдлын төлөө бид идэвхтэй тэмцэж байгаа. Эдгээр үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгааг хүн болгонд харуулах боломж бүрийг бид ашиглаж байгаа бөгөөд эдгээрээс хамгийн чухал нь цахим ертөнц юм" гэж Кенийн Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн яамны нарийн бичгийн дарга Жо Мучеру ярьж байна.

"Гэтэл дэлхийн зарим бүс нутаг одоо болтол интернэтэд холбогдоогүй байна. Африк, Зүүн Өмнөд Ази гээд томоохон бүс нутгийн оршин суугчид өдийг хүртэл интернэтгүй байгаа" гэдгийг АНУ-ын үндэстэн дамнасан “Cisco” технологийн компанийн стратеги төлөвлөлтийн газрын дарга Хилтон Романски дурдлаа.

Харин “Digicel” гар утасны компанийн захирал ярихдаа "хүмүүс ухаалаг гар утас хэрэглэж эхэлснээр тэдний ярих нь багасч, интернэт ашиглах нь нэмэгдсэнээр өндөр хурдны интернэтийн эрэлт хэрэгцээ өссөн" гэдгийг онцлон тэмдэглэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ