Олимпын наадмын хос хүрэл медальт Д.Мөнхбаяр сургалт явуулна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-09-29 13:49:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олимпын наадмын хошой хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаяр буудлага спорт сонирхогчдын хүсэлтээр сургалт явуулна.


Сургалтыг Техник спортын төвд долоо хоногт хоёр удаа хичээллүүлэх юм байна. Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр анх 1992 онд “Барселон-92” олимпын наадамд 23 насандаа оролцож спорт гар бууны 25 метрийн зайн төрөлд хүрэл медаль хүртсэн юм.  Харин 16 жилийн дараа 2008 онд 39 насандаа БНХАУ-ын “Бээжин-2008” олимпын наадмаас дахин уг төрөлд хүрэл медаль хүртэж, олимпын хос медальтан болж байв.

 

Д.Мөнхбаяр Монгол Улс болон ХБНГУ-ын нэрийн өмнөөс олимпын наадамд оролцож хүрэл медаль, мөн ДАШТ-ээс тус бүр аваргын алтан медаль хүртсэн содон түүхтэй тамирчин юм. Д.Мөнхбаяр “Рио-2016” олимпын дараа Энэтхэг улсаас залуучуудын шигшээ багаа дасгалжуулах хүсэлт тавьж, тэр уг саналыг хүлээж авсан бөгөөд 2020 оны Токиогийн олимп хүртэл Энэтхэгийн мэргэн буучдыг дасгалжуулж байна.


 

Түүний амжилтыг дурдвал, ДАШТ-ээс ганцаарчилсан төрөлд хоёр алт, нэг хүрэл, багийн төрөлд хоёр хүрэл, Дэлхийн цомын тэмцээний шигшээ тэмцээнээс гурван мөнгө, нэг хүрэл, Дэлхийн цомын АШТ-ээс зургаан алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль, Европ тивийн АШТ-ээс ганцаарчилсан төрөлд нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль, багийн төрөлд хоёр алтан медаль,  Азийн АШТ-ээс ганцаарчилсан төрөлд хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль, багийн төрөлд нэг мөнгө, нэг хүрэл медаль тус тус хүртжээ.

Холбоотой мэдээ