Австралийн хоёр эрдэмтнийг Хятадад нэвтрэхийг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-09-24 17:10:23

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ыг шүүмжилсэн Австралийн хоёр эрдэмтнийг тус улсад нэвтрэхийг хориглолоо гэж "Хуаньцю шибао" сонин мэдээлжээ.


"“Улсад нэвтрэх, гарах журмын тухай" БНХАУ-ын хуулийн дагуу Австралийн эрдэмтэн Клив Хэмилтон, мөн тус улсын Стратегийн бодлогын хүрээлэнгийн (ASPI) ажилтан Алекс Йоске нарыг Хятадад нэвтрэхийг хориглосон" гэж тус сонинд бичжээ. "Австралийн эрх баригчид саяхан Хятадын хоёр эрдэмтний визийг үндэсний аюулгүй байдлын үүднээс хэмээн ямар ч шалтгаангүйгээр цуцалсныг" тус сонин онцлон тэмдэглэсэн байна.


"Хуаньцю шибао" сонинд бичиж буйгаар, Клив Хэмилтон нь Австралийн Чарльз Стёртын нэрэмжит Их сургуулийн нийгмийн ёс зүйн тэнхимийн эрхлэгч аж. “Тэрбээр хакерын халдлагын тусламжтайгаар тагнуулын мэдээлэл хулгайсан, барууны орнуудад тэр дундаа Австрали, АНУ-д шургалан орсон гэж БНХАУ-ыг гүтгэн доромжилсон ном, тайлангуудыг 2017 оноос хойш нэг бус удаа хэвлүүлсэн” тус сонинд бичжээ. 


Сонины нийтлэлд бичсэнээр бол Алекс Йоскегийн ажилладаг ASPI хүрээлэн нь "Австралийн олон нийтийн дунд  Хятадын эсрэг санаа бодлыг жолоодогч аж". “Алекс Йоске нь 2018 онд ASPI-д ажиллаж эхэлснээсээ хойш "БНХАУ-ын их дээд сургуулиудын олон улсын хамтын ажиллагаа нь "цэргийн зорилтыг хэрэгжүүлдэг" хэмээн гутаан доромжилсон" нийтлэлүүдийг удаа дараа хэвлүүлсэн” гэж бичжээ.


Хоёр орны харилцаа

Ухань хотоос коронавирусний халдвар тархсан шалтгаан, нөхцөл байдлыг олон улсын хэмжээнд шалгахыг Австралийн эрх баригчид уриалсны дараа Австрали, Хятадын харилцаа огцом хурцаджээ. Халдварын талаарх үнэн зөв мэдээллийг нуун дарагдуулж байна гэж Австралийн албаны хүмүүс Хятадыг буруутгасны дараа Бээжин Австралиас нийлүүлдэг арвайд татвар ногдуулсан байна. Мөн Австралийн үхрийн махны зарим нийлүүлэлтээс татгалзаж, тус улсын дарс нийлүүлэгчдэд демпингийн эсрэг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.


Зургаадугаар сард Хятадын эрх баригчид мөн Австралид зорчихгүй байхыг иргэддээ уриалснаас гадна сургууль төгсчдөд хандан цаашид боловсрол эзэмших газраараа өөр улсыг сонгохыг зөвлөсөн байна.


Есдүгээр сарын эхээр радио, телевизийн ABC корпорац болон “Australian Financial Review” эдийн засгийн сэтгүүл Бээжин, Шанхай хот дахь сурвалжлагч нараа эргүүлэн татжээ. Тэднийг Хятадын CGTN телевизийн ажилтан болох Австралийн иргэн Чэн Лэйг баривчилсантай холбогдуулан байцаалт авсны дараахан яаралтай татсан байна. Сэтгүүлчдийг эргүүлэн татсаны дараа Австралиас магадлан итгэмжлэгдсэн нэг ч сэтгүүлч БНХАУ-д үлдээгүй байна. 


Холбоотой мэдээ