Их Британид өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-09-24 12:31:28

ЛОНДОН. /BBC/. Их Британид өдөрт бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо дөрөвний нэгээр нэмэгдлээ гэж тус улсын Засгийн газраас мэдээллээ. Их Британид сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 6178 тохиолдол шинээр илэрсэн нь өмнөх өдрийнхөөс 1252-оор нэмэгдсэн байна.


“Халдварын тархалтыг хязгаарлахын тулд олон нийт шинэ арга хэмжээнүүдийг сайтар дагаж мөрдөх “нэн” шаардлагатай байна” гэж Английн Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Ивонн Дойл мэдэгджээ. Их Британи даяар мягмар гаргаас халдварыг хязгаарлах арга хэмжээнүүдийг чангатгасан юм. Үүний дагуу Английн шөнийн цэнгээний газар, зоогийн газрууд оройн 22 цагт хаах ёстой болжээ.


Мөн боломжтой тохиолдолд гэрээсээ ажиллахыг зөвлөж, амны болон нүүрний хаалт зүүхтэй холбоотой дүрэм журмыг өргөтгөж, Англид хуримын ёслолд оролцох хүмүүсийн тоог хоёр дахин бууруулсан байна. Үүний зэрэгцээ Шотландын үйлчилгээний газрууд ч мөн эрт хаах шаардлагатай болсон бол Уэльст оройн 22 цагаас хойш согтууруулах ундаа худалдаалахыг хоригложээ.


Шотландад лхагва гарагт халдварын 486 шинэ тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Шотландын тэргүүн сайд Никола Стержен халдвар авсан хүний тоо нэмэгдэж байгаад ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлсэн боловч шинжилгээнд хамруулж буй хүмүүсийн тоо цар тахлын оргил үеийнхээс нэмэгдсэнийг онцолсон байна.


Сүүлийн 24 цагийн хугацаанд Уэльст халдварын 389 тохиолдол, Умард Ирландад 220 тохиолдол тус тус шинээр илэрчээ. 

Холбоотой мэдээ