Хүчингүй мөнгөн тэмдэгтүүдийг хураав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-09-22 16:01:21

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өрнөж буй “Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяны хүрээнд Говь-Алтай аймаг дахь Монголбанкны салбар, арилжааны банкуудтай хамтран иргэдийг мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээний талаар мэдээллээр ханган ажиллаж байна.


Монголбанкнаас санаачлан үндэсний мөнгөн тэмдэгтийг зөв зохистой хэрэглээг дэлгэрүүлэх, мөнгөн тэмдэгтийн насжилтыг уртасгах зорилгоор өрнүүлж буй дээрх аяны хүрээнд есдүгээр сарын 18-ны өдөр Төрийн банкны Говь-Алтай салбарын харьяа тооцооны төвүүдийн 20 ахлах теллер сургалтад хамрагдлаа. Тэд Монголбанкны салбарын үйл ажиллагаатай танилцаж, Төв банк, Банкны үйл ажиллагаа, Мөнгөний бодлогын хорооны танилцуулга, шийдвэрүүд, банкуудын шинэ, хуучин мөнгөн тэмдэгтийн ялгалт, тушаалтад илэрч буй алдаа, дутагдал, анхаарах асуудлуудын талаар мэдээлэл авсан юм. Мөн сургалтаар тооцооны төвүүдийн зүгээс сумын иргэдийг мөнгөн тэмдэгттэй зөв боловсон харьцахад анхаарах, мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээний талаар иргэдийг мэдээллээр хангаж ажиллах талаар зөвлөлдөн санал бодлоо солилцов.

Түүнчлэн “ХААН” банкны Баян-Шанд тооцооны төвтэй хамтран “Шинэ-Алтай” захын 16 нэр бүхий томоохон дэлгүүрийн худалдагчдад мөнгөн тэмдэгтээ зөв, соёлтой, боловсон хэрэглэхэд уриалж, тэдний касст эргэлдэж буй 713,000 төгрөгийн хуучин мөнгөн тэмдэгтийг шинэ мөнгөн тэмдэгтээр сольж, 14750 төгрөгийн хүчингүй мөнгөн тэмдэгтийг хурааж авах ажлыг зохион байгууллаа.


Холбоотой мэдээ