Хан-Уул сургууль хаягаа монгол бичгээр бичиж байршууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-05-19 14:18:42

Дорнод аймгийн Хэрлэн сумын Улсын тэргүүний Үндэсний лаборатори Хан-Уул цогцолбор сургууль монгол бичгээр хаягаа бичиж байршуулснаар аймагтаа анхдагч боллоо. 

Тус сургуулийнхан Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийж буй олон ажлын нэгээхэн хэсэг нь сургуулийн болон анги танхимын хаягийг монгол бичгээр бичиж, монгол хэл соёлоо олон нийтэд сурталчилж байна.

Сургуулийн захирал Монгол Улсын гавьяат багш Г.Бүдтуяа энэ ажлыг санаачилжээ. Тэрээр:

-Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд сурагчдын унших, бичих чадварыг нэмэгдүүлэх зорилгоор бүтээлийн үзэсгэлэн гаргаж, хичээнгүй бичгийн дугуйлан хичээллүүлж, багш, ажилчдыг хамруулан монгол бичиг сургах зорилгоор “Хичээнгүй сарын аян” зарласан.

 Э.Энхнаран багштай 6 “а” ангийнхан “Хүмүүн бичиг” сониныг хамт олноороо захиалж, орон нутгийнхаа сургуулиудыг энэ ажилд уриалан дуудсан зэрэг ажлын үр дүнд манай сурагчид улсын олимдиадаас 4 алт, 1 хүрэл медаль хүртэж, 4 сурагч тэргүүний уншигч цол тэмдэгтэн боллоо.

Мөн аймгийн Ахмад багш нарын холбооны нэрэмжит “Монгол бичгээр зөв хурдан унших уншлагын олимпиадад сүүлийн 5 жил дараалан тэргүүн байрыг эзэлсэн амжилтыг үзүүллээ гэж ярив.

Хан-Уул цогцолбор сургуулийнхан Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аймагтаа түүчээлж явна. Зөвхөн сургууль, анги танхимаа хаягжуулахад 5 сая төгрөг зарцуулжээ. Гоёмсог, үзэмжтэй энэ хаягийг БНХАУ-д захиалан хийлгэсэн гэж байв.

Б.Туяа

 

 

 

 

Холбоотой мэдээ