"Тэмээ ус уух өдөр" уран зураг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-09-18 12:12:56

Өмнөговь /МОНЦАМЭ/ Худаг дээр тэмээн сүрэг усандаа ирж буйг дүрсэлсэн "Тэмээ ус уух өдөр" уран зураг тус аймгийн музейн чухал үзмэрийн нэг юм.  Тос, зотон 135x109см, 

УГЗ А.Довчиндаваа энэхүү бүтээлийг 1983 онд зурсан байна. Монгол Улсын УГЗ Адъяагийн Довчиндаваа нь 1932 оны усан мичин жил Дэлгэрхангай сумын нутаг Хашаатад малчин ард Уртнасангийн ууган хүү болон төрж, Номгон сумын Адъяагийнд өргөгдөн бага насаа өргөсөн аав, ээжийн гар дээр мал маллан өнгөрүүлсэн байна. Тэрээр Номгон сумынхаа бага сургуульд суралцан Төхөм, Их, Бага цохио, Гурвангэдрэгийн нуруу, эдгээрийн ар, өврийг даган нутаглаж, бага наснаасаа аян жин тээлцэж, эмнэг хангал тэмээ унаж, эдэлж, тэмээний зан араншинг сайн мэддэг, түүнийг хайрлаж, бахархаж чаддаг болон хүмүүжжээ. А.Довчиндаваа нь Гурвантэс сумын давсны үйлдвэрт ажиллан их ажлынхаа гарааг эхэлж тэнд байхдаа К.Марксын хөрөг зургаар Оюутан залуучуудын анхдугаар их наадамд оролцож шалгаран авьяас билэг нь тодорсон юм. Улмаар 1962-1964 оноос Урчуудын салбарт дагалдан зураач, 1964-1989 онд Урчуудын салбарт эрхлэгч, 1989 оноос Өмнөговь аймгийн Ёлын амны музейг үүсгэн байгуулж улмаар тэндээ ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарчээ.

Зураач А.Довчиндаваа нь зөвхөн зураач төдийгүй сайн барималч, бас хөгжмийн авъяастан байсан юм. Уран бүтээлийн оргил үеүд нь 1960-1990 онд байсан.Түүний бүтээлээс дурдвал:

1983 онд Морь уургалалт, Буурын ноцолдоон, Битүүний шөнө, Галбын говийн домог, Лимбын эгшиг

1986 онд Ботгоны уралдаан зэрэг зургийн томоохон бүтээлээс гадна

1966 онд Нанзад баатрын хөшөө /Манлай сумын төвд/

1971 онд Түвдэнгийн Борын хөшөө /Цогтцэций суманд / 

Даланзадгадад 1971 онд  Буурын баримал,1979 онд Ээжийн хөшөө,

1975 онд Буурын баримал  Мандал-Овоо суманд босгожээ.

Улаанбаатар хотын хүүхдийн паркийн бүх үлгэрийн баатрууд болон бусад баримлын скизийг гаргасан юм. Мөн 1995 онд ӨМӨЗО-ны Далай хөвөө хошуунд Цагаан морины хөшөө зэрэг бүтээлүүд нь олны танил болсон байна. Түүний бүтээлийг үнэлж 1983 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол, мөн ойн медалиудаар шагнасан байна. Тэрээр 2000 онд урлагийн их өргөөгөө орхин бурхан зүг оджээ.


Холбоотой мэдээ