Хувьцаа эзэмшигч өөрийн хувьцаат компаниас хүссэн мэдээллээ авах эрхтэй

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-09-17 17:00:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЗХ Монголын Хөрөнгийн бирж хамтран “Хувьцаат компанийн комплайнс, мэдээллийн ил тод байдал” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулав. 

Хэлэлцүүлгээр СЗХ-ноос компанийн засаглалыг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, зохицуулалтын шинэчлэлийг танилцууллаа. Мөн хувьцаа эзэмшигчдийн хурлын зохион байгуулалтад хийсэн үнэлгээний тайлан, хувьцаат компанийн мэдээлэл, тайлагналын ил тод байдал цаашид анхаарах зүйлийн талаар хувьцаат компани, үнэт цаасны мэргэжлийн байгууллага болон судлаачидтай санал бодлоо солилцов.


Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгох, санхүүжилтийн зардлыг бууруулах чиглэлээр СЗХ-ноос бодлогын томоохон үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд хувьцаат компаниудын засаглалын чанарыг сайжруулах замаар урт боолон дунд хугацаанд зах зээлийн үнэлгээ, үнэ цэнийг нэмэгдүүлэх, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, шийдвэр гаргах ажиллагаанд тэдгээрийн оролцоог хангах боломжийг сайжруулж байна гэв.

Тухайлбал, СЗХ-ны хуралдаанаар “Санал хураах кумулятив аргыг хэрэглэх журам” шинэчлэн баталж, компанийн засаглалын кодексыг олон улсын стандартад нийцүүлэх ажлыг эхлүүлжээ. Энэхүү журам нь жижиг хувьцаа эзэмшигчид ХК-ийн удирдлагад өөрийн төлөөллийг оруулахыг дэмжсэн журам юм. 


СЗХ-ны Хяналт шалгалт зохицуулалтын газрын дарга Б. Долгорсүрэн хэлэхдээ, “Хувьцаат компаниудын хэрэгжүүлэх үүрэг бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулах, олон нийтэд мэдээллийг ил тод байлгах явдал юм. Хувьцаа эзэмшигч өөрийн хувьцаат компаниас хүссэн мэдээллээ гаргуулж авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, ингэхдээ өөрийн саналаа өгөх эрхтэй"-г тодотгож байв. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ)-ийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа, "ҮЦТХТ-д нийт 316 ХК-ийн 14.7 тэрбум хувьцаа бүртгэлтэй байна. Энэ онд 124  компанитай хамтран ажиллаж байгаа. Хувьцаат компаниудын талаар нийтэд мэдээллэх зориулалттай мэдээллийг иргэдэд гарган өгж байгаа. Ногдол ашгийн тухайд өнөөдрийн байдлаар 31 ХК бүртгэгдсэнээс 22 нь ногдол ашгаа хувьцаа эзэмшигч нарт хуваарилан тараагаад байна" гэв.


Г.Дөлгөөн

Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ