“Албан хаагчдын архив, албан хэрэг хөтлөх тухай” сургалт зохион байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн газар зохион байгуулалтын алба (НГЗБА), Архивын ерөнхий газар (АЕГ)-тай хамтран өнөөдөр “Албан хаагчдын архив, албан хэрэг хөтлөх тухай” сургалт зохион байгуулав.
Байгууллагын соёл нь албан бичгийн хөтлөлт, дагаж мөрдөх хууль эрх зүйн орчинтой хэрхэн нийцэж ажиллаж байгаагаас эхэлдэг.
АЕГ-ын Албан хэрэг хөтлөлтийн зохион байгуулалт, стандартын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Золжаргал, “2020 оны 12 дугаар сарын 31-нээс “Архив, албан хэрэг хөтлөх тухай хууль” хэрэгжиж эхэлнэ. Энэхүү хуулийг бүх байгууллагууд дагаж мөрдөж, өдөр тутмын үйл ажиллагаандаа уялдуулан ажиллах юм. Энэ хуулийн цөм агуулга нь төрийн албан хаагчийн мэргэжлийн ёс зүйг баримтлан харилцагчаа хүндлэн, хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах юм. Мөн төрийн албан хаагч хуулийн заалт, түүний хэрэгжилт, нэмэлт өөрчлөлт, шинээр дагаж мөрдөх хууль тогтоомжийг тухай бүр тайлбарлан таниулах, албан бичгээр үг үсэг, утга найруулгын алдаагүй, цаг хугацаанд мэдэгдэх асуудал. НГЗБА-ны тухайд “Архив, албан хэрэг хөтлөх тухай” багц сургалтыг бүх албан хаагчдадаа цуврал байдлаар авч байна” гэлээ.
НГЗБА-ны захиргааны хэлтсийн дарга С.Батнасан, “Манай байгууллага Газрын тухай багц хууль болон дагаж мөрдөх 40 гаруй бусад хууль, дагалдаж гаргасан тогтоомж, эрх зүйн акт бичиг баримтыг чиг үүрэг болгон ажилладаг. Нийслэл хотод насанд хүрсэн 1.8 сая хүн амд 232 албан хаагчаар дамжуулан газар зохион байгуулалттай холбоотой төрийн үйлчилгээг хүргэж байна. Төрийн үйлчилгээг чанаржуулах, өдөр тутмын үйл ажиллагаа, түүний уялдаа холбоог сайжруулах үүднээс НГЗБА-наас нийт албан хаагчдад системтэй зөв мэдээлэл өгөх, мэргэшүүлэх сургалтад тогтмол хамруулж байна. Өнөөдрийн сургалтын тухайд дэлхийн хэмжээнд дэгдсэн цар тахалын үед баримтлах журмын дагуу ариун цэвэр хамгаалалын дүрмийг баримтлан ажлын цаг эхлэхээс өмнө нэгдсэн байдлаар сургалтаа явуулж байна” гэв.