Малчдын өвлийн нүүдэл жуулчдын анхаарлыг татаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-19 09:21:41

Баян-Өлгий аймагт ирдэг гадаадын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Казах, урианхай, тува, дөрвөд зон олны өвөрмөц зан заншил, онгон байгаль, эртний түүх соелын дурсгал, шувуучлалын хажуугаар малчдын өвлийн нүүдэл жуулчдын анхаарлыг ихээхэн татдаг болов.

Учир нь өвлийн гурван есийн хүйтнээр Улаанхус, Сагсай, Цэнгэл сумын малчид тэмээн хөсгөөр хаврын нүүдэл хийж 200 км орчим зам туулдаг. Зам их цастай, цасан шуургатай, зам зуур томоохон нуур, хэд хэдэн хэцүү даваа байдаг.  Малчид цас мөсөн дээр хоноглон турсан, осгосон малаа зам зуур арчлан тэжээж явдаг зэрэг хүний хүч, зориг самбаа, тэсвэр хатуужлыг сорьдог олон бэрхшээл тохиолддог.

-Бид гадаад орнуудын сэтгүүлчид, гэрэл зурагчид, кино урлагийнхантай зузаан холбоотой ажиллаж энэ нутагт ирүүлсээр байна. Анх Би Би Си агентлагийнхан ирж бүргэдчидийн тухай найман минутын баримтат-уран сайхны кино гарган дэлхийн 60 сая үзэгчид сонирхуулсанаас хойш бүргэдийн талаар олон ч кино, зураг бүтээгдсэн. 2015 оны хоёрдугаар сард Би Би Сигийнхэн Улаанхус сумын малчин бөгөөд анчин А.Табысбекийн Хар уулан дахь өвөлжөөнөөс Даян нуур дахь хаваржаа хүртлэх нүүдлийн хамт арав хоног явж кино зураг авсан. Ирэх жил тэд мөн хоёрдугаар сард ирж аялал жуулчлал болон өвлийн нүүдлийн сэдэвтэй кино зураг авахаар боллоо. Аяллаас багагүй хөрөнгө орж ирдэг. Харамсалтай нь зорчигчдод нислэг л хүрэлцэхгүй байна гэж «Kobeshtravel» компанийн захирал М.Ахтолхын ярьж байна.        

    Ш.Айзаря

 

 

Холбоотой мэдээ