Их зураач Балдуугийн Шаравын гэрэлт хөшөөг босголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-09-11 09:19:26

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монголын ард түмэнд “Марзан” хэмээн дуурсагдсан 20 дугаар зууны эхэн үеийн Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч Балдуугийн Шаравын гэрэлт хөшөөг Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн үүдэн хойморт босголоо.


Гэрэлт хөшөөг их зураачийн ураг удмынхан бүтээлгэн түүний нэрэмжит сургуульд ийнхүү хүндэтгэн залсан юм. Эл бүтээлийг уран барималч А.Ихбаньдын урласан бөгөөд хөшөөний нээлтийн үйл ажиллагаа есдүгээр сарын 10-ны өдөр боллоо. Уг ёслолд аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, аймгийн Засаг даргын орлогч Я.Эрхэмбаяр, “Багануур” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Шаравын удмын төлөөллүүд, албаны бусад хүмүүс оролцсон юм. Мөн үеэр их зураачийн хөшөөний нээлтэд зориулан Есөнбулаг сумын ЕБС-ийн сурагчдын дунд гурван насны ангиллаар гар зураг, шүлгийн уралдаан зохион байгуулав. 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 12 жилийн гуравдугаар сургуулийн түүхт 50 жилийн ой 2019 онд тохиосон бөгөөд ойн босгон дээр Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Их зураач Балдуугийн Шаравын нэрэмжит болсон билээ.

Балдуугийн Шарав нь 1869 онд Засагт хан аймаг, одоогийн Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг Давааны өвөлжөө хэмээх газар малчин ардын хүү болон төржээ. Тэрээр Монголын дүрслэх урлагт гурван хэмжээст зургаар дагнан бүтээлүүдээ туурвиж, “Монголын нэг өдөр”, “Наймдугаар богд Жавзандамба хутагт”, “Хатан Дондогдулам”, “Ленин” зэрэг алдарт бүтээлүүдээ туурвиж өдгөө Монголын уран зургийн сан хөмрөгт мөнхжүүлжээ.


Холбоотой мэдээ