У.Хүрэлсүх: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулахад анхаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-09-08 16:37:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажилтай өнөөдөр танилцлаа.


Эрчим хүчний яаманд ажиллах үеэр сайд Н.Тавинбэх салбарын өнөөгийн байдал, 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад нийт 2267 ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна. Өнөөдрийн өдрийн байдлаар бэлтгэл ажил 77.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд санхүүжилт 49.9 хувийг хийжээ.


Цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1473МВт байна. Үүнээс дулааны цахилгаан станцууд 1200МВт буюу 81.5 хувь, сэргээгдэх эрчим хүч 276МВт буюу 15.8 хувь, дизель станц 2МВт буву 0.1 хувийг тус тус эзэлж байна. Өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор эх үүсвэрүүдийг өргөтгөх, говийн болон баруун бүсийн импортын цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулахаар Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, системийн горимын тохируулга хийх цахилгаан цэнэгт хуримтлуурын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр зорьж байгааг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх талаар танилцуулсан юм.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас эрчим хүч, нефть, хүнсний өргөн хэрэглээг дотоодоос хангах тэргүүний зорилт тавин ажиллаж байгааг хэлээд Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж, ашиглалтад оруулахад Засгийн газар анхаарал тавьж байгаа гэлээ. “ЭДЦС” ТӨХК, “Чойбалсангийн дулааны цахилгаан станц” ТӨХК, “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн өргөтгөл шинэчлэлийн ажлууд ч чухал ач холбогдолтойг сануулсан юм. Мөн системийн горим тохируулгад уян хатан ачааллах чадвартай, өртөг бага, байгаль орчинд ээлтэй байдаг учраас усан цахилгаан станцуудыг барьж, байгуулах шаардлагатайг онцолж, энэ чиглэлээр идэвхтэй ажиллахыг зөвлөв.


Уулзалтын төгсгөлд төрийн албанд ажиллаж байгаа ажилчид хүнд сурталгүй, үнэнч шударга, дэг журамтай ажиллахыг сануулаад цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Холбоотой мэдээ