Боловсролын байгууллагын багш ажилчид үзлэгт хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-09-07 17:16:27

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэнд, БШУ-ны сайдын хамтарсан тушаалаар боловсролын салбарын багш ажилчдыг урьдчилан сэргийлэх багц үзлэг, оношилгоо шинжилгээнд хамруулж байна. Уг ажил Сүхбаатар аймагт 09 дүгээр сарын 07-ноос 29-нийг хүртэл үргэлжилнэ.

Аймгийн хэмжээнд 1700 гаруй багш ажилтан энэхүү үзлэгт хамрагдана. ЭМД-ын санхүүжилтээр хийж байгаа үзлэг оношилгоог аймгийн нэгдсэн эмнэлэг, Онгон сумын сум дундын эмнэлгүүдэд тусгай хуваарийн дагуу зохион байгуулна. Онгон суманд тойргийн сумдын сургууль, цэцэрлэгийн багш ажилчид, үлдсэн хэсэг нь АНЭ-т хуваарийн дагуу үзүүлэх юм. Зохион байгуулагчдын зүгээс зөвхөн энэ үзлэгт зориулж эмнэлэгт тусгай зохион байгуулалтыг хийж, нарийн мэргэжлийн эмч нарыг томилжээ.

СӨБ-ын багш ажилчид болон бага ангийн багш нар, хоол үйлдвэрлэлийн хэсгийн ажилтан, үйлчлэгч нарыг өмнө нь тогтмол үзлэг шинжилгээнд хамруулж ирсэн. Энэ жилийн хувьд эдгээр хүмүүсийн 85 хувь нь үзлэгт хамрагдсан байна. Харин боловсролын байгууллагын багш ажилчдыг ингэж 100 хувь үзлэгт хамруулж байсан тохиолдол байхгүй. Ер нь багш нар маш их ачаалалттай ажилладаг, дуу чимээ ихтэй газар олон цагийг өнгөрүүлж, стресст их өртдөг. Үүнээсээ шалтгаалан өвчлөлд өртөх нь элбэг болох нь судалгаагаар ажиглагдсан. Тиймээс энэ удаагийн ажлыг бид маш сайн, хамгийн гол нь үр дүнтэй зохион байгуулахыг хичээж байна. гол нь байгууллагууд багш ажилчдаа бүрэн хамруулах нь чухал гэдгийг аймгийн  ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга А.Азжаргал хэллээ.

Үзлэгийн эхний ээлжинд Асгат, Мөнххаан сумын сургууль цэцэрлэгийн багш ажилчид хамрагдаж байна. Асгат сумын сургууль 37 багш ажилтантай. Үзлэг ажлын өдөр таарсан учир сургуулийн захиргааны зүгээс хичээлийн хуваарьтаа өөрчлөлт оруулж, багш ажилчдаа бүгдийг үзлэгт хамруулахаар ирсэн талаар сургуулийн захирал М.Урантуяа ярилаа.

 

 

Холбоотой мэдээ