Дарь-Эхийн авто замыг хучих ажил эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-09-04 10:07:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан  Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хороо “Дарь-Эхийн гудамж”-ны авто зам засвар, шинэчлэлтийн ажлын хучилтын ажлыг эхлүүлж, газар дээр нь ажиллалаа.

 Зам засварын ажлыг наймдугаар сард гүйцэтгэж дуусах ёстой байсан боловч ажлын явцад хөрс солих шаардлагатай нөхцөл байдал үүсжээ. Мөн ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас замын ажил тодорхой хугацаагаар саатсан байна.

Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра хэлэхдээ, “Дарь-Эхийн авто замын өнгө хучилтын ажил эхэллээ. Бид хучилтаа хийж дуусаад замын тэмдэг, тэмдэглэгээгээ хийнэ. Наймдугаар сарын 27-нд замын хөдөлгөөнийг нээнэ гэсэн боловч гурван өдөр дараалан бороо орсны улмаас чийг авсан. Чийгээ хатааж байж хучилтаа хийж байна. Өнөөдрийн хувьд 12 машинаар асфальт зөөвөрлөж, 60 орчим хүн ажиллаж байна. Хашлага дээр гурван бригад ажиллаж байгаа” хэмээн танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Замын ажил яагаад удаашралтай байгаа талаарх бодит мэдээллийг иргэдэд өгөх хэрэгтэй. Долоо хоногийн өмнө ирэхэд наймдугаар сарын 27-нд замын засварыг дуусгаж, хөдөлгөөнийг нээнэ гэсэн боловч тодорхой шалтгаануудын улмаас төлөвлөсөн хугацаандаа амжаагүйд иргэд бухимдаж байна. Бороо орсны улмаас замд чийг орчихоод хатааж байж хучилтаа хийх шаардлагатай болсон тухайгаа иргэдэд мэдээлэх ёстой” гээд хучилтын ажлыг хийхдээ иргэд болон ажилчдын аюулгүй байдлыг хангаж, өнөө шөнөдөө багтаан хийж дуусгахыг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра болон гүйцэтгэгч компанийн ажилчдад үүрэг болголоо.

Дарь-Эхийн замд 2010 оноос хойш засвар шинэчлэлтийн ажил хийгээгүй байна. Борооны ус ихээр хуримтлагдаж, улмаар авто замын эвдрэл үүсгэдэг. Тийм учраас уг зам долоон шүүрт худагтай байсныг 21 болгосон байна.


Холбоотой мэдээ