Эх, хүүхдүүдийг "COVID-19"-өөс хамгаалахад 1.1 тэрбумын дэмжлэг үзүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-08-21 17:51:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра болон НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч А.Илиза нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзав. Уулзалтад Япон Улсад байгаа Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава цахимаар холбогдон оролцов.

"COVID-19"-ийн цар тахлын дэгдэлтийн үед Монголын эх, хүүхдүүдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг тасралтгүй үргэлжлүүлэх, мөн охид, эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, үнэт чанарыг эрхэмлэн хамгаалахад дэмжлэг үзүүлэхээр Люксембургийн Засгийн газраас НҮБ-ын Хүн амын санд 345 мянган евро буюу 1.1 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийг олгосон. Энэхүү тусламж нь Монгол Улсад "COVID-19"-ийн цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах талаар авч байгаа арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Мөн БНХАУ, ОХУ-ын хил залгаа аймгуудын эмнэлгийг амьсгалын аппарат, эх хүүхдийн эрүүл мэндийн эмч, ажилчдад шаардлагатай хувийн хамгаалалтын хэрэгслээр хангах үйл ажиллагааг тусгасныг Шадар сайдад танилцуулав.


Шадар сайд Я.Содбаатар НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд талархал илэрхийллээ. Тэрээр, "COVID-19"-ийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны нэгэн чухал чиглэл бол нийгмийн эмзэг бүлгийнхнийг хамгаалах, тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүд ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахад оршиж байна хэмээн онцолсон талаар Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.


Холбоотой мэдээ