Нийслэлд ашиглалтад оруулах гурван сургуулийн барилгын ажил 95-98 хувийн гүйцэтгэлтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Энэ хичээлийн жилд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гурван сургуулийн барилгын ажил 95-98 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэв.
Тухайлбал, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй буцалтгүй тусламжийн хүрээнд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 640 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 148 дугаар сургууль;
Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд 480 хүүхдийн хүчин чадалтай 53 дугаар сургуулийн барилгын өргөтгөл;
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Урагшлах” компанийн гүйцэтгэж байгаа Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн барилгын ажил тус тус явагдаж байна.
Боловсрол, шинжлэх ухааны яамны
Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар сургуулийн барилгын ажилтай танилцах үеэр “Сургууль, цэцэрлэгийн
хүртээмжтэй болгох шаардлагатай байгаа тул төлөвлөсөн цаг хугацаанд нь
хүлээлгэн өгөх хэрэгтэй байна. Сургуулийн барилгын ажлыг чанартай гүйцэтгэж, хүүхдийн
эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох орчныг хангасан байх шаардлагатай гэдгийг
барилгын компанийн ажилтнуудад анхаарууллаа. Мөн нэмэлт санхүүжилт нэхэж,
барилгын ажлыг хойш тавихыг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй. Харин өөрийн
хөрөнгөөр ажлаа үргэлжлүүлж байгаа, зайлшгүй санхүүжилт гаргах шаардлагатай бол
бид судалж үзнэ” хэмээв.