Д.Алтаншагай: Аймгийн ИТХ-ын сонгуульд дөрвөн нам оролцохоор хүсэлт ирүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-08-17 13:23:59

Булган/МОНЦАМЭ/. Булган аймгийн сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Д.Алтаншагайтай уулзаж орон нутгийн сонгуулийн талаарх тодруулга авлаа.

 

-Энэ жилийн аймаг, сумын ИТХ-ын ээлжит сонгуулийн үйл ажиллагаа эхэлж байна. Энэ удаагийн  сонгуулийн онцлог юу байна вэ?

-Аймаг сумын ИТХ-ын төлөөлөгч сонгох ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах аймаг сумын сонгуулийн хороо байгуулагдан хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Шинээр буюу 2020 оны 1 сарын 30-аас мөрдөгдөж байгаа Монгол Улсын аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу аймгийн сонгуулийн хороог аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид, сумын сонгуулийн хороог аймгийн сонгуулийн хороо байгуулахаар хуульчлагдсан.

 

Хуулийн дагуу шат шатны сонгуулийн хороо байгууллаа. Удахгүй буюу есдүгээр сарын 1-нд сумын сонгуулийн хороо сумын хэсгийн хороодыг байгуулж ажиллана.

Аймгийн сонгуулийн хорооны хувьд гишүүдийн ажил үүргийн хуваариа гаргаж, Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн цаг хугацааны графикт ажлыг тухай бүрд нь хийж байна. Манай аймгийн хувьд энэ жил аймгийн ИТХ-ын 33 мандатад таван нам, найман бие даагч өрсөлдөхөөр аймгийн аудитын газраар мөрийн хөтөлбөрөө хянуулж дүгнэлт гаргуулсан байна. Энэ дүгнэлтийн хүрээнд намууд болон бие даан нэр дэвшигчдийг бүртгэж ажиллана.

Одоогоор дөрвөн нам сонгуульд оролцохоор хүсэлт ирүүллээ. Бие даагч нарын хувьд хуульд заасан хугацаанд хүсэлтээ ирүүлэх юм.

Монгол Улсын аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн хувьд онцлог шинэ заалтууд их орсон. Тухайлбал сонгуулийн хороонд Сонгуулийн ерөнхий хорооноос зохион байгуулсан сургалтад хамрагдсан төрийн албан хаагч ажиллахаар заасан, нэр дэвшигчдийн сурталчилгааны хоног цөөрсөн, хариуцлагын асуудал ихэссэн, сонгуулийн үе шат бүрийг хуульчилж өгсөн, сонгууль зохион байгуулах байгууллагуудын эрх үүргийг нэлээд тодорхой болгосон гээд онцлог ихтэй байгаа. Аймгийн ИТХ-ын хувьд хуучин хэвээрээ 33 мандаттай байгаа. Гэхдээ Бугат сум 2 мандаттай байсан бол нэгийг нь хасаж, Дашинчилэн суманд нэмж хоёр мандаттай болгосон. Үүнийг яагаад өөрчилсөн бэ гэхээр сонгогчийн тооноос хамаарч мандатын тоог хуваарилах зарчимд тулгуурлан ИТХ-ын Тэргүүлэгчид шийдвэрээ гаргасан байгаа.

 

-Сумын сонгуулийн хороод байгуулсан байна. Ажил нь жигдэрч, сонгууль зохион байгуулах ажлаа эхэлж байна уу?

-Сумын сонгуулийн хороог аймгийн сонгуулийн хорооны 2020 оны наймдугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар тогтоолоор байгуулсан. Сумын сонгуулийн хороод сумын ЗДТГ-т байрлаж байна. Ажил нь жигдэрсэн. Хуулийн хүрээнд нам, эвслүүдийн сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авч дүгнэлт хийн хариуг өгөхөөр ажиллаж байгаа. Сумын сонгуулийн хороонд нийт 112 төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид ажиллаж байна. Тэд сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан төрийн албан хаагчид байгаа. Сумандаа хэсгийн хороо байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Хэсгийн хороонд ажиллах төрийн албан хаагчдын нөөцийг бүрдүүлэх сургалт явуулах хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хороонд уламжиллаа.

 

-Сонгуулийн санал хураалт болох хугацааг иргэд тэр бүр мэдэхгүй байх шиг байна.

-Орон нутгийн сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 15-нд болно. Хуульд заасны дагуу бүх нийтээр амарч сонгуульдаа оролцоно. Сонгогчдын хувьд сонгуулийн санал өгөх хэсгийн хороо болон сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн эсэхээ цаасаар, цахимаар шалгах боломжийг төрийн байгууллагууд ханган ажиллаж байгаа.

 

-Зөөврийн саналын хайрцгаар саналаа өгч болох уу?

-Сонгогч зөөврийн саналын хайрцгаар саналаа өгч болно. Гэхдээ шалгуурыг хуульчилж өгсөн байгаа. Түүнээс “би маргааш хот явчихсан байна урьдчилаад өгье” гэсэн асуудал бол байхгүй. Өмнөх УИХ-ын сонгуулиар ч гэсэн ийм асуудал их гарсан. Тиймээс иргэд хуулиа уншиж судалсан байгаасай гэж хүсэж байна. Сонгуулийн хорооноос энэ талаарх сурталчилгаа болон мэдээллийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хүргэх болно

 

-Манай аймагт хэдэн хэсэгтэйгээр сонгуулийг зохион байгуулж байна вэ? Хүндрэлтэй байгаа асуудал байна уу?

-Манай аймгийн хувьд 16 сумын сонгуулийн хороонд 75 хэсэгт санал хураалтын үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Хэсгийн төвүүдийн байршлыг удахгүй “Булганы мэдээ” сонин болон цахим сайт орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан сонгогчдодоо хүргэх болно. Үйл ажиллагааны хувьд техник хэрэгсэл болон сонгуулийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах нь шат шатны Засаг даргын үүрэг болон хуульчлагдсан тул бэрхшээл бага байна. Гэхдээ цаг агаарын болон дэлхий дахинд тархаад байгаа цар тахал “Covid-19” вирусийн улмаас учирч болох хүндрэлийг урьдчилан тооцож ажиллана. Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даагч нарт Улсын болон аймгийн онцгой комиссоос гаргаж байгаа шийдвэрүүдийг биелүүлж ажиллахыг анхааруулж байна. Техникийн хувьд манай сонгуулийн хорооны дэргэд мэдээлэл технологийн баг ажиллаж байгаа туршлагатай төрийн албан хаагчид байгаа учраас хүндрэл бага байна гэж итгэж байна.

Сонгогчид та бүхнийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Холбоотой мэдээ