ИРГЭНШСЭН ХОТООС УМАРДЫН НҮҮДЭЛЧИД ХҮРТЭЛ |Цуврал 2|

Монголын мэдээ | Тойм
altankhuyag@montsame.mn
2020-08-13 22:05:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/.

Цуврал 2

“Хажуунаас нь хараад үзвэл
Ханан хээтэй Самгалдай
Хажуунаас нь хараагүй хүнд
Хад л чулуутай гэх л байх даа...”

5. ХҮРЭХ ГАЗРЫН ЭХЭНД

 


Үдийн алдад Цагааннуур сумаас 30 км зайтай Хогрогын голын зүүн талд ирэв. Бидний буусан айлийн гаднаас ихэнх хүмүүс зүүн тайга явах аялалдаа гардаг гэнэ. Эндээс цааш зуны цагт машин явахгүй бөгөөд аяллын туршид морь унах хэрэг гарна.


Анх үүргэвчээ үүрээд гэрээсээ ганцаар зориглон гарсан хэдий ч тайга руу мордох энэ цэгт олон хүмүүстэй нөхөрлөжээ. Мөрөнгөөс Цагааннуур орох замд машинд танилцсан Жадамбаа ах болон түүний дүү Чингис. Мөнхүү уншигч таны хэдийн мэдэх болсон С.Билигсайхан анд. Басхүү нэмээд Ч.Лхамдалай ах, түүний гэргий Д.Ану эгч, мөн хоёр хүү, хоёр охин нь хамт явахаар боллоо. Яг одоо бүгд нэг гэр бүл, ах дүүс, найз нөхөд болцгоон арвуулаа зүүн тайгыг зорих гэж байна.


Жадамбаа, Далай ах бид гурваас бусад нь анх удаа морь унаж үзэх гэж байгаа тул яг мордох болоход зарим нь нэлээд сандарч байлаа. Гэвч бүгд л мордож, шавар намаг ихтэй уулын замаар хэсэгхэн өгсөх зуурт л мориндоо тэр дороо дасчихав. Надад үзмэн ягаан зүстэй, сайвар алхаатай, жаахан омголон морь оногдох нь тэр. Хөтөч хийж явсан Энхээ гэх залуу “Нэлээд омголон, үргэж бусгах гээд байдаг талтай учир болгоомжтой унаарай! Таныг морь унадаг байсан гэхээр л унуулж байгаа юм шүү” гэж хичээнгүйлэн захив. Үнэхээр ч омголон морь. Урд нь өөр морьтой хүн гараад алхуулчихвал урагш зүтгэлж, жолоо дугтчин тэмүүлнэ.

Морьд амарч байна


Ийнхүү Жүгнэгийн давааны энгэр бэлээс шавар, намаг элбэгтэй замыг туулан байж оройд нь гарав. Тэнд “Жүгнэгийн даваа, Тайгын тусгай хамгаалалттай газар” хэмээн төмөр хавтан дээр цэнхэр будгаар бичсэн байх боловч онгож гандаад нэлээд хуучирсан харагдана. Замаа сайн харж явахгүй л бол, уул даваа, модон дотуур явахад мөчир нүүр ороолгох, үүргэвчинд тээгэлдэх, морь шаварт өвдгөө далдартал гүн шигдэх, хад чулуунд бүдчих зэрэг олон саад тохионо. Харин хамгийн чухал нь бидний унаж яваа морьд тайгад олон удаа яваад сурчихсан тул айх зүйл нэг их байсангүй.


Нэлээд оройтож гарсан тул бид Жүгнэгийн давааг уруудан, Тайгын хөндийг өгсөж 30 гаруй км явсны эцэст “Отгын газар” ирж буудаллав. Барагцаагаар цагийн дараа нар шингэх нь тодорхой болсон учир эндээ хоноглож өнжөөд маргааш нь замд гарахаар болж майхнаа барьцгаав. Хөтөч Энхээ, Баяраа нар морьдынхоо ганц нэгийг хооронд нь аргамжиж, бусдыг нь сул тавьсан үзэгдэнэ. Буудалласан газарт хэдэн шургааг зөрүүлдэж урц маягийн зүйл босгож тавьсан нь нэлээд хуучин цагт барьсан бололтой. Мөнхүү хоёр талаар уулын бяцхан голууд урсах тул шөнөжин голын харгиа дэрлэн нойрсох нь гэдгийг мэдэж байв. Эргэн тойрон морьд өвс ногоо шир ширхийн зулгааж, хажуугийн модонд үл мэдэх шувуу гуагчих сонсогдоно. Голоос ус хутгах мөчдөө хэд хэдэн байгалийн зураг  авсан хойно оройн хоол идэж аваад амрахаар хэвтэцгээлээ.


6. ЗҮҮН ТАЙГА



Өртөн Хярхын уулс


Үүргэвчинд минь Чи Зи Жианы “Цасаг хөшиг”, Сас Каригийн “Миний зүрхэн дэх цаатнууд” зэрэг ном бий. Очих газрынхаа тухай жаахныг ч боловч судалж мэдэх гэсэн хүсэлд минь Сас Каригийн ном тус болж байв. Гэхдээ би үг, өгүүлбэр бүрийг нь нягталж уншсангүй. Зүгээр л ёс заншлынх нь тухай, өөрт нь хэрхэн юу мэдрэгдсэн зэргийг л гүйлгэн харна. Заримдаа өөрийн нүдээр үзэх гэж зорьсон атлаа өрөөлийн харцанд хэрхэн тольдогдсоныг нь уншихаа азнамаар санагдана. Ямартаа ч Гек ах надад “Цаатнуудыг тайгынхан, урцыг нь өөрсдийн хэлж заншиснаар “гэр” гэж яривал илүү дотно, найрсаг ханддаг юм шүү” гэж захисан удаатай.  Ер нь л бусадтай ярилцах дургүй, их дотогшоо, чимээгүй хүмүүс, зарим нь нутагтаа авч үлдэхийн тулд хүнийг ховсддог гэх олон явган яриа Улаанбаатар хотоос гартал намайг дагасан юм даг.


Цаатан түмний гэр (урц)-үүд Ногоон нуурын уулын энгэрт ярайн үзэгдэнэ


Хэчнээн гол гаталж, хэдэн гүвээ толгод өнгөрсөн юм бүү мэд. Ямартаа ч Хүнхэр тайгын гүн рүү ороход морио хөтөлж буудаг Пөшдөгийн давааг давсны хойно хориод км мөн л хэцүү бэрх, голын эргийн намган дундуурх замыг туучиж, олон арван жижиг гол горхи гаталж байж наагуур нь уулнаас түрэгдэн бууж ирсэн том цагаан чулуудтай толгойн орой дээр гарвал алсад Өртөн Хярхын |Тувагаар Өртэн Гярх гэж бичдэг| уулс сүндэрлэж байлаа. Энэ бол Монгол орны хамгийн баруун хойд цэгт орших умардын нүүдэлчдийн нутаг мөн. Хоёр өдрийн хагасыг морин дэлэн дээр туулан байж зүүн тайгын барааг үдийн алдад сая нэг харав. Алсад цайрах урцны гадуур цагаан ноход гүйлдэж, зэлэн дээр цаа буганууд уяатай хэвтэж харагдана. Гэрт ойртох тусам цааны янзага хойгуур, урдуур гүйлдэх бөгөөд алсад мөнх цаст Ногоон нуурын уул болон Өртөн Хярхын нурууд, Тувагийн хилийн наана орших уулс сүндэрлэн үзэгдэнэ.


Хүний хөл, малын сүрэгт талхлагдаагүй дагшин байгаль энд л буй. Ногоон нуурын уулыг эмжин Нарийны гол урсана. Энэхүү гол нь мөн уулын баруун хойгуур хавцлаас бууж ирэх Эх голтой урсгал нийлэн цутгаж Өртөн Хярхын гол болон урсдаг ажээ. Яг энэ голуудын уулзвараас урагшхан зүүн тайгын гүнд 23 цаатан айл зусаж байлаа. Умрын уулсаас өмнө тийш сунан тогтсон цэлгэр уудам хөндийн яг хойд зах нь гэсэн үг. Урцны үүдийг сөхөж гараад өмнө зүгт хараа сунгавал хоёр талын уулс нь ногоон модоор бүрхэгдсэн уужим дэлгэр хөндий цэлийн үзэгдэнэ. Цаатнууд энэ газарт өмнө нь суурьшиж байсан боловч ирэлгүй уджээ. Харин Өртөн Хярхын уулсынхаа дунд хорин жилийн дараа ирж зуссан нь энэ аж.

Г.Далайбаяр,  Зүүн тайгын цаатан


Биднийг Цагааннуур сумаас хөдлөх замд танилцсан Г.Далайбаяр эгч угтан авлаа. Тэднийх 23 отог бүхий айлийн хамгийн зүүн урд талд, уулнаас бууж ирэх булагтай ойр гэрээ барьжээ. Цааны сүүгээр сүлсэн өтгөн тослог сүүтэй цай, бяслаг, ааруул, өрөм тэргүүтнээр зочилж “Та хэд минь алжаагаа биз, эгч нь сайхан шөл хийж өгнөө” хэмээв. Цаатнууд хоёр мянга гаруй км-ын алсад суугаа суурин иргэншсэн хотынхны ярьдаг шиг соёлгүй, бүдүүлэг хэвээр үлдсэн эртний нүүдэлчид биш гэдэг нь шуудхан л танигдсан юм. Аль ч газрын улс иргэд эртний өв соёл, зан заншлаа хадгалж үлдэхийг эрхэмлэдэг. Гэвч иргэншил дагасан цуваанаас үлдэж хоцрохыг хэн бодох билээ. Нүүдэлчин амьдралын амар амгаланг иргэншлийн зуунд харьцуулах зүйл үгүй, тэд амар хялбар аж төрдөггүй нь хэн бүхэнд ойлгомжтой. Гэвч Г.Далайбаяр эгчийн нүүрэнд үргэлж л инээмсэглэл тодорно. Тэр хүн өөрийн өссөн ахуй соёл, дагшин байгаль, нүүдлийн эгэл даруу боловч байгаль цаг уурын хатуу ширүүнтэй цаг үргэлж нүүр тулсан аж төрөхүй, цаатан амьдралдаа хайртай гэдэг нь нүүрнийх нь баяслаас илхэн харагдана.


Г.Далайбаяр эгчийн гадна дөрөө мултлав уу, үгүй юу зөөлөн бороо шивэрч эхэлсэн ч үдийн хоолны дараа түр зогсож нар гарав. Г.Далайбаяр эгчид түлээ хагалж өгөх засварт бид нэлээн удаан хөөрөлдөж суулаа. Эгч М.Хонгорзул, М.Энхзул, М.Энхжин, М.Анужин гэх дөрвөн охинтой. Олон жил ханилсан хань Мөнгөншагай нь хоёр жилийн өмнө гэнэт цус харваад эмнэлгийн тусламж авч чадаагүйгээс болж бурхан болжээ. Ер нь цаатнуудад тохиолддог хамгийн бэрх асуудал нь энэ. Тэд олон зуун бээрээс гадна, хэцүү бэрх замаар тусгаарлагдсанаас болж эмнэлгийн тусламж хүртэж чаддаггүй. Тиймдээ ч ийш зорин ирэх хүмүүс байгалийн сайханд амарч, цаатан ахуйн соёлтой танилцан зураг, хөргөө авахуулахаас гадна даралтанд нөлөөлөх эм тариа, тарилга зэргийг авч ирвэл тэдэнд хүргэж буй томоохон тус болно.

Цаагаа зэлэнд нь уяхаар хөтөлж явна


Эндэхийн иргэд бол хуучнаар Тагна Урианхайн хязгаарынхан буюу түрэг угсааны хүмүүс. Тиймээс Тува аялгаар мэнд усаа мэдэлцэнэ, өөр хоорондоо унаган хэлээрээ ярилцана. Манай улсад МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн ахалсан, гол яамдын сайд дарга нар багтсан Орос-Монголын хилийн хэлэлцээр хийх комисс 1958 онд анх байгуулагдаж байсан түүхтэй. Үүнээс хойш хил тогтоох асуудал 20-иод жил үргэлжилсэн гэдэг. Тэр л үед Тувагаас орж ирсэн Г.Далайбаяр эгчийн эцэг эх монголын хил нэвтэрсэн тул эргэж буцаж чадалгүй зүүн тайгад үлджээ. Зарим нь үр хүүхдээ хилийн цаана орхисон учир уулзаж, учралгүй олон жилийг ардаа гээж, амьдын хагацалыг насан туршид амталсан хэвээр бурхны оронд морилсон эмгэнэлт түүхүүд олон бий. Тэд 20 дугаар зууны эхэн хүртэл Тагна Урианхай хэмээн нэрлэгдэж явсан духачууд бөгөөд социализмын үеийн “Үнэн” сонинд анх удаа “цаатан” гэж бичсэний учир энэ нэршил үүссэн гэдэг. Духа гэдэг нь Тувачууд гэсэн үг л дээ. Г.Далайбаяр эгч “Хааяахан ураг төрөл, хамаатан саднаа үгүйлдэг. Сураг сонсож сууснаас бус танихгүй хүн олон байх. Гэхдээ аав, эгч нараа бодохоор л сэтгэл жаахан эмзэглэдэг юм. Гэлээ гээд яахав. Бид ч цаатайгаа, тэд ч цаатайгаа байгаа хойно болох биз” хэмээн хэлэх нь хэнээс ч илүү тэсвэр тэвчээр сууж хатуужсан, цэх өндөрлөгт төрсөн эмэгтэй хүний амнаас л гарах үг шиг сонсогдсонсон. Төд удалгүй дахин бороо орлоо. Тайгад ер нь бороогүй өдөр гэж байдаг уу? гэсэн бүдүүн баарагдуу асуултанд минь Г.Далайбаяр эгч инээмсэглэн байж “Байлгүй яах вэ, гэхдээ ойрд жаахан жаахан ороод л байна. Ер нь хааяа, хааяахан шивэрч байвал сайн. Цаа чинь ер нь сэрүүнд дуртай амьтан. Ус, хужир, өвс ногоотой сэрүүн сайхан газарт л таргалж, өнгө зүс ордог. Бүгчим халуун, ялаа шумуултай газраас холдож нүүдэллэж явдаг” гэв. Тэрхэн мөчид л өнгөрсөн жил Хатгал явах замд тааралдсан, амьд үзмэр болгож, жуулчдад зураг авахуулах зорилгоор ашигладаг цаануудыг бодохуйд өрөвдөх сэтгэл төрж билээ.


7. ТОЙРЧ ГАРААГҮЙ


Цааны зэл


2007 онд Засгийн газраас баталсан хоёр шат бүхий төсөл нь цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах зорилготой байв. Гэвч цаатан иргэд зүйл заалтыг нь сайн уншаагүйгээс тэрхүү боломжуудаас тун бага хүртдэг бололтой юм. Асуудал бүгдэд нь тохиолддог, үүнийг зохицуулах шийдвэр заримд нь нааштайгаар шийдэгддэг ч гэсэн алслагдмал байдлаас болж төрийн хишгээс хүртэлгүй өнгөрдөг тал байдаг бололтой. Үүнийгээ ч нэг их тоож ярьдаггүй, байгаадаа сэтгэл хангалуун, зовлон тоочиж суудаггүй хүмүүс гэвэл цаатнуудыг хэлнэ.


Энд цаатнууд борооноор орос ногоон цув өмсөхөөс гадна монгол дээл, орчин үеийн хүмүүстэй адил хувцас хунар хэрэглэнэ. Өвлийн цагт ч арьсан дах нөмрөөд, өнгөлж гадарлаагүй нэхий өмссөн байх нь ховор гэнэ. 23 айлийн яг гол хавьцаа нь гар бөмбөгийн талбай хийж, тор татжээ. Тайгын хүүхдүүд өдөр болгон тоглодог бололтой, чамгүй сайн гар бөмбөгчид болох нь харагдаж байв. Мөнхүү Г.Далайбаяр эгчийн хүүхдүүд нь Цагааннуур суманд сургууль, цэцэрлэгт орох болсноос хойш өвөлдөө сумандаа орж өвөлжөөд, зунд нь тайгадаа ирж зусдаг байна. Энэ бүхнээс үзэхэд иргэншлийн сүүдэр умардын нүүдэлчдийг тойроогүй нь лавтай. Хөгжлийн унаанаас хоцрохыг хүсэх хүн үгүй. Тиймээс л хэн бүхэнд тохиолддог эдийн засгийн асуудалд тэд өртөх нь тодорхой. Тэдний амьжиргааны гол хөшүүрэг нь цаа буга. Гэвч биднийг тэнд байхад айл бүр л хонины нойтон махыг өлгөж хатаагаад хоолондоо хэрэглэж байв. Цааг өсгөн үржүүлэхийг л бодохоос бус тэр бүр хүнсэнд хэрэглэдэггүй гэж Г.Далайбаяр эгч ярина. Харин цааны цусан эвэр бэлтгэхээ больсноос хойш ясан эврээр нь бэлэг дурсгалын зүйл хийж тайгад зочилсон жуулчдад худалдаалдаг байна. Энэ нь тэдний гол орлого. Мөн цааны борвины арьсыг 50-60 мянгын хооронд худалдаална. Бас жуулчдад зориулсан хоноглох газар буюу илүү урц барьж өгөөд хөлсөнд нь тав арван төгрөг л авна. Энэ жил цар тахлын улмаас жуулчид ховор байгаа учир урц бариагүй гэнэ лээ. За, энэ хүрээд л ерөнхийдөө орлогын үүсвэр нь зогсчихож байгаа юм. Цаанаас маш бага сүү гардаг учир хэрэглээндээ зарцуулахаас бус борлуулж зарах хэмжээний цагаан идээ хийдэггүй ажээ. Харин өдгөөгөөс долоон жилийн өмнө буюу 2013 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цаатан түмэн дээр зочлох үеэрээ цаа маллаж буй өрхийн том хүнд сар бүр 100 мянга, хүүхдэд 50 мянган төгрөгийн тэтгэлэг олгох санаачилга гаргаж байсан билээ. Ер нь цаанаас өөр малгүй цаатан иргэдийн эдийн засгийн асуудал хүнд тул суурин бараадаж, тайгаа орхих тохиолдол гарах нь дамжиггүй. Буруутгах ч аргагүй.

Шиврээ борооноор ажиг ч үгүй гаднаа тоглож буй хүүхдүүд


Тэгээд ч цаатан иргэдийн ан хийх нь эрх нь 1995 онд батлагдсан ан агнуурын тухай хуулиар хязгаарлагджээ. Мэдээж тайгыг тусгай хамгаалалттай газар болгосон учраас энэ нь аргагүй. Мөнхүү сайн дураараа нутаг сэлгэн нүүх нь хүртэл хашигдмал байдалтай болж буйд тэд дотроо жаахан дургүй хандлагатай болов уу гэмээр санагдлаа. “Үнэндээ бид ховор ан амьтан тааралдвал газар нь дээр нь устгаж үгүй хийдэггүй, дөрөө шүргэм өвстэй тайгын хөндий, битүү ширэнгэн дунд нэг ч удаа гал алдаж байгаагүй гэдгийг жаахан ойлгочихмоор байгаа юм даа, энэ хүмүүс” гэж зүүн тайгын хамгийн өндөр настан Д.Гомбо өвгөнийг хэлэхэд аавдаа зэмлүүлж суугаа жаал шиг гэмшил төрснийг нуух юун.


Өнгөрсөн жил цаа бугын тоо толгой 2000 гарсныг тэмдэглэж, Ерөнхийлөгчийн ивээл дор 2000 цааны баяр тэмдэглэсэн.  Баруун, зүү тайгад нийтдээ 85 өрх 2396 толгой цаа буга тоолуулсан гэх мэдээ баримт олон бий. Гэвч өдгөө зүүн тайгад зусч буй 23 айлийн цаа нийлээд 400-500 толгой байгаа болов уу гэж Г.Дэлгэрбаяр эгч хэлснийг санав. Эгч өөрөө л гэхэд 20 гаруй цаатай. Тиймээс ямартаа ч цаа бугын тоо толгойг нарийвчлан дүгнэж, асуудлаа нэг тийш болгосон нь зөв байх. Дараа нь хэзээд баярлаж болно. Мянга мянган толгой цаатай болсон, цаатанчууд тайгадаа амар амгалан, тайван сайхан амьдарч буй гэсэн бодлоор нэгэн цөөнх үндэстнийхээ асуудлыг хаячихаж болохгүй санагдана. Өдгөө 300 гаруй цаатан үндэстэн 40 гаруй айл л  баруун, зүүн тайгад Есиней мөрний эх болдог Шишгэдийн голоор зааглагдан амьдарч байна. Үлдсэн залуус нь уулнаасаа бууж, үр хүүхдүүд нь төв суурин бараадчихвал хэдэн настай хүмүүс л тэнд үлдэнэ.


Цаатнууд бол эх орны минь баруун хязгаар дахь умардын нүүдэлчид мөн. Тэд иргэншсэн нийслэл хотоос даруй 2000 гаруй км алслагдсан хүмүүс. Гэхдээ иргэншсэн нийгэмд нийтлэг тохиолддог зарим асуудал тэднийг огтхон ч тойроогүй юм шүү.


8. УРЦ ДОТОРХ ХУУЧ

Д.Гомбо, Зүүн тайгын цаатнуудын ахлагч. 


Эхний хууч буюу эмзэглэл


Зүүн тайгын хамгийн өндөр настан Д.Гомбо гуай энэ жил 75 насыг зооглож байна. Өнгөрсөн жилүүдэд Норвегид болсон “Дэлхийн цаатны их хуралд” уригдан очиж санал бодлоо солилцож, туршлага хуваалцсан хүн. Олон ч жил цаатны ахлагч хийж яваа нэгэн. Саяхан отгийнхоо ахмадуудтай цуг мориор гурав хонож байж очдог рашаанд явчихаад иржээ. Тэрбээр намайг угтаж авч, зочилсон Далайбаяр эгчийн аав нь билээ.  


Д.Гомбо гуайн хамгийн их эмзэглэж явдаг зүйл нь хэл соёлын асуудал. “Хүүхдүүд маань хот хүрээ орж эрдэм мэдлэгтэй бололгүй яахав. Гэхдээ тува хэлээ мартаж болохгүй гэж боддог. Одоо ч хүүхдүүд тува хэлээрээ ярих нь багассан, бараг мартаж байна. Үүнд л би хамгийн их эмзэглэж явдаг. Эндээ тува хэлийг хүүхдүүдэд зааж сургадаг багштай болмоор байгаа юм” гэлээ. Мөнхүү хүүхэд, залууст “Эх хэл соёлоо мартаж болохгүй. Бүгд л хот хүрээ гэж байгаа ч гэсэн өөрсдийн эх соёлоо аварч үлдэх нь бидний үүрэг. Хэл соёл үгүй бол үндэстэн мөхдөг. Цаатан иргэдийн ёс заншил, эх хэл минь биднээр эцэслэж болохгүй” хэмээн байнга захидаг гэнэ.


Үнэндээ энд 40-өөс доош насныхан эх хэлээрээ ярьж чадахаа больжээ. Цагааннуур сумын сургуульд тува хэл заалгахаар болж хичээлийн хөтөлбөрт оруулсан ч энэ нь хоёр жил 
шахам хэрэгжсэн болоод л зогсчихсон байна. Тиймээс хамгийн зөв гарц нь гэвэл тува хэлний хичээлийг Цагааннуур сумын арван жилийн хичээлийн хөтөлбөрт оруулах юм. Хэл соёл бол үндэстний оршин тогтнохуйн нэг томоохон шалтгаан. Устчихвал тува цаатнууд гэж үгүй болно. Ингэснээр монгол түмний нэгэн эд эс, амины нэг судал тасрана гэсэн үг.


Тэхийн зогсоол


Зэлэндээ уяатай мянжиг буюу эм цаа, цаана нь Ногоон нуурын уул үзэгдэнэ



Тээр жилийн тэр нэгэн өвлийн
Өнтэйг яана!

Тэхийн зогсоол” гэдэг тэр оргилын
Өндрийг яана!


Их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн “Тэхийн зогсоол” найраглал ийн эхэлдэг. Унших бүрт л хад чулуутай өндөр уулс, суунаг цэнхэр утаа олгойдон гарсан өвөлжөөн дэх цагаан гэрүүд, дулаахан бууц, саравч хашаа, нам гүм ахуй нүдний өмнө ургаад ирдэгсэн.


Харин Д.Гомбо гуай тэхийн зогсоолыг хоёр удаа нүдээр үзсэн гэдгээ хуучлав. Ян сарьдаг уулсын нутагт төрж өссөн цагаасаа эхлэн 70 гаруй жил амьдарсан энэ эрхэмд байгаль дэлхийн зураг, ан амьтдын амьдрал дундаас мартагдахгүй дурсамж болж үлдсэн нь тэхийн зогсоолыг хоёр ч удаа нүдээр үзсэн явдал байжээ. Цаатнуудын зуншиж буй газрын арын өндөр уулыг Ногоон нуур гэнэ. Холоос харахад орой нь хүнхэр хэлбэртэй энэхүү уулын тэр л хонхорцогт үнэхээр нэг нуур байдаг гэнэ. Морь бол гарч чадахгүй, сөхөрдөг учир цаа унаад явбал хүрчихэж болдог ажээ. Харин эрэг дагуу намаг шавар ихтэй учраас ойртох аргагүй дагшин нуур бий гэлээ. Тэр л уулын нэгэн оргилд өдөржин, шөнөжин тэх зогсож, заримдаа тэндээ хонож байхийг Д.Гомбо гуай ажигласан байна. “Яг л өнөөх шүлэг гардаг амьтан байх нь гэж бодоод их л өрөвдөж билээ. Тэгээд бас болоогүй ээ, “Төрсний эцэст үхнэ гэдэг амьтны ёс оо” гэдэг шүлгийн мөрийг нь өөртөө хэлж сэтгэлээ тайтгаруулж явсан даа. Нэг л өдөр алга болчихсон байсан. Хавцлын доогуур эргэж тойрч очоод, хад чулуу дамжин нэгжиж явсаар унасан газрыг нь олсон юм. Хойтон жил нь эргэж хүрээд цайрсан толгойг нь үүрч тэхийн зогсоол өөд мацсан. Хавцлынх нь оройд гарч толгойг нь тавиад орхисон доо” хэмээн хуучилна.


Цаатан айлуудын гэрийн зүүн талаар сунайн тогтсон Өртөн Хярхын уулсын орой дээгүүр хаврын цагаар янгирын сүрэг идээшилж, ишигнүүд нь наадан тоглож байхийг Д.Гомбо өвгөн олон жил харж суусан гэдгээ нэмж ярихаа мартсангүй.  

“Хүн амьтан ялгаагүй. Төрөх, үхэх жамд л захирагдана. Харин хэл соёл минь хойч үед өвлөгдөж, байгаль дэлхий дөрвөн цагийн аясаар эргэн сэргэж мөнх оршино. Гол нь цааны цусан эвэр хөрөөдөж авдаг ёс үгүй болсонд хачин их баяртай байдаг даа” гэж их цовоо хэлснийхээ хойно жаахан санаа алдасхийснээ аягатай цайгаа ойчлов.


Ихэр янзага (хугаш)-ны гунигт түүх


Зэлэн дээр уяатай янзага (хугаш)-нууд


“Цаа буга ер нь ихэрлэдэг үү” гэж асуутал бодож байснаас минь тэс өөр хариулт ирэх нь тэр. Цаатанчууд дээр зочилсон нэвтрүүлгийн үеэр Ерөнхийлөгч нэгэн настнаас “Цаа хэр ихэрлэдэг вэ” гэж асуухад “Ихэрлэнэ, ихэрлэнэ. Гэхдээ цөөхөн л дөө” гэж хариулж байсан нь тодхон санагдана. Гэтэл Д.Гомбо гуай сураг сонсоноос биш цаа буга ихэрлэхийг үзээгүй гэнэ. Учир нь цаа буга ихэрлэх нь “муу ёр” гэж үздэг байна. Тиймдээ ч нэг янзага (хугаш)-ыг нь голын усанд урсгаж орхидог ажээ. Гэхдээ өвгөн үүнийг нүдээр үзээгүй, залуу явахдаа нутгийн хөгшчүүлийн ярианаас сонссон хэмээв.


Цаа бугыг тэд тэнгэрийн амьтан хэмээн үздэг. “Үнэхээр л бидний мэдэхээр үлгэрт Санта Клаус өвөө цаа буга хөлөглөн тэнгэрээр нисэж шинэ жилийн орой дэлхийн бүх хүүхдүүдэд бэлэг тарааж өгдөг шүү дээ” гэсэн бодол хальтхан зурсхийв. Тийм ч учраас цаа бугыг сэтэрлэдэг байна. Сэтэртэй цаа бугыг ижил сүрэгтэй нь цуг тайван хариулахаас бус унлага, ачилганд хэрэглэхийг цээрлэнэ. Харин уул тахих үед сэтэртэй цаа бугын амийг таслаж бүх махыг нь урц дотор тавьж өргөдөг гэнэ. Энэ нь ихэвчлэн цагаан зүсийн цаа байдаг ажээ. Ер нь уул тахих зан үйлийг намар юм уу, зуны тэргүүн сард үйлддэг байна.

Цагаан мянжиг (эм цаа) хөтөлж яваа цаатан хүү


Д.Гомбо гуай нэг удаан 600 гаруй зэрлэг цаа харсан гэв. Газар доргилох мэт их чимээ гарч, олон цаа буга уулын хүрхрээ шиг гэнэтхэн л нөмрөөд иржээ. Азаар жаахан хол байсан болохоор олон зэрлэг цааны хөлд үрэгдчихэлгүй өнгөрснөө дурсав. Тиймээс ч өдгөө Тувагийн сүрлэг нурууд, Өртөн хярхын уулсын хяраар зэрлэг цаа бугын сүрэг бий гэдэгт өвгөн бат нот итгэнэ.


Тайгад өдөр их урт болно. Оройн 22:00 цаг болж байхад цагаан гэгээ тасраагүй л байлаа. Би Д.Гомбо гуайнхаас гарч хажуугийн булаг руу алхаж хүрэв. Анх аялалд гарч байхад төрсөн өнөөх жиндүү мөртлөө дотно дулаан, айдастай боловч амттай мэдрэмж дахин төрөв. Оргил өндрөөс үерийн ус, элс шороотой холилдон буусан чулууд уулсын энгэрээр үзэгдэнэ. Түүний наадах товгор толгодын оройгоор ганц нэг модод сэрийлдэж, сул тавьсан цааны янзага (хугаш)-нууд тонгочин наадна. Хад чулуу оргил дээрээс өнхрөн бууж байхад тайгынхаа цэх өндөрлөгөөс чулуу шиг бууж суурин газрын амьдрал бараадалгүй эх хэл, ёс заншлаа хадгалан хамгаалж үлдсэн цаатан түмнийг хайрлах сэтгэл эрхгүй төрнө.


Цөөнх үндэстэн дотроо цөөхүүлээ үлдсэн тэдний хэнтэй ч уулзаж гар барьсан инээмсэглэж угтаад халуун дулаан яриа өрнүүлэхээс цааргалахгүй. Цаа бугынхаа арьсаар урц барьж, ангийн хувцас хэдэрсэн, цочмог ааштай, ойлголцоход хэцүү хүмүүсээр тэднийг төсөөлж явсан эндүү бодол минь энд төгсгөл болов. Умардын хязгаар дахь нүүдэлчдийн халуун сэтгэл нь уулсынхаа жаварыг хүртэл бүлээцүүлж орхидог учир л тэд тайгын хэцүү бэрх араншингийн өмнө туйлдаж сөхөрдөггүй биз ээ.


Үргэлжлэл бий...


Тэмдэглэлийн эхний цувралыг унших бол тус линкээр орно уу https://montsame.mn/mn/read/230781
 

Холбоотой мэдээ