“Говийн оюутан-2” төслийн эзэд шалгарлаа

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-08-10 15:38:10
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн оюутнуудын дунд зарласан “Говийн оюутан-2” төслийн эзэд шалгарлаа.
Оюутнуудын суурь ур чадварыг нэмэгдүүлж, зөв зүйлд сэдэлжүүлэх нэгдсэн зорилго дор уг зорилтот төслийн уралдпааныг зарласан байна. Өмнөговь аймгийн оюутны холбооноос санаачлан “Төгс Голомт” ТББ-тай хамтран Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын Газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлжээ. Энэхүү төслийн уралдаанд Даланзадгад 4-р багийн "SG travel application"-ны төсөл шалгарсан байна. Уг application нь Өмнөговийн үзэсгэлэнт газруудын танилцуулга, буудал, бааз, ресторан, спорт заалны мэдээлэл, захиалгыг нэг дор нэгтгэснээрээ онцлог байсан төдийгүй багийн гишүүд 1 сарын дотор design, code-оо өөрсдөө хийж гүйцэтгэсэн нь Говийн оюутнуудын бүтээлч байдал, ур чадвар хэр хөгжиж буйг харуулсан төсөл байлаа. Харин дэд байрт Даланзадгад 5-р багийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хувцас, сургалтын төсөл байлаа. Олон нийтийн нөлөөллийн ажлаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэн амжилттай гүйцэтгэсэн энэ баг төслийн ажлаа ч мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан гүйцэтгэжээ. Дээрх багийн оюутнуудын хэрэгжүүлсэн төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай хувцасны төсөл байсан ба энэ нь шинэлэг, өвөрмөц, хүндээ хэрэгтэй төсөл байснаараа онцлог байлаа. Гуравдугаар байрт Даланзадгад 8-р багийн Бялдаржуулах Кардио талбайн төсөл шалгарсан байна. Аймгийн угтах хаалганы хойно байрлах бялдаржуулах дасгалын төхөөрөмжүүд бол 8-р багийн оюутнуудын гүйцэтгэсэн төслийн ажил юм. Кардио талбайн төсөл нь хүний хүсэл, хэрэгцээг хангасан, залуусыг зөв зүйлд уриалсан, Өмнөговьчуудын амьдралын зөв хэвшилд нэмэр болох ирээдүйтэй юм.
Холбоотой мэдээ