Авто тээвэр эрхлэгчид татвараас хөнгөлөгдөх саналаа уламжлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-07 16:52:59
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хот хоорондын зорчигч тээвэрлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. 


Энэ үеэр Улс, хот хоорондын жолооч, тээвэрчдийн нэгдсэн холбооны тэргүүн Д.Батбаатар, дэлхий нийтэд COVID-19 цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор тээвэр зохион байгуулалтад үүссэн хүндрэлийн талаар танилцуулав. Тухайлбал, зорчигч багассантай холбоотойгоор үүссэн эдийн засгийн хүндрэлийг даван туулахад холбогдох хууль журамд заасан татварыг хөнгөлөх, мөн энэ жил хур бороо элбэг байгаатай холбоотойгоор үүссэн авто замын эвдрэл гэмтлийг арилгах, нэг чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж буй компаниудын цагийн хуваарилалтын системийг сайжруулах зэрэг саналыг танилцуулж, дэмжин ажиллахыг хүслээ.



Сайд Л.Халтар тээвэр эрхлэгчдийн төлөөллийн саналыг сонсоод холбогдох хууль журмын хүрээнд хамтран ажиллахаа илэрхийлж, тээвэрлэгч аж ахуй нэгж байгууллагын парк шинэчлэлд бодлогын хэмжээнд анхаарч ажиллах хэрэгцээ шаардлага байгааг онцлов. Түүнчлэн авто тээвэрийн чиглэлээр ажиллаж буй эрхлэгч холбоод бодлогоо нэгтгэж, хамтарч ажиллахыг чиглэл болгов. Мөн Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-аас олгодог зөвшөөрлийг нийтэд ил тод байх зарчим баримталж ажиллахыг холбогдох албаны хүмүүст даалгав.

Холбоотой мэдээ