Мэдээллийн технологийн нарийн мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллахаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-08-03 10:38:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа.


Япон улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас Монгол Улсын боловсролын салбарт хэрэгжүүлж буй дэд бүтцийн болон JDS тэтгэлэгт хөтөлбөр, КООСЕН хөтөлбөрийн үр дүн, ач холбогдлыг сайд Л.Цэдэвсүрэн уулзалтын эхэнд онцлон тэмдэглэж, талархал илэрхийллээ. 

БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн хоёр улсын харилцаа, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлж, мэдээллийн технологийн нарийн мэргэжилтэн, инженер бэлтгэхэд илүү сайн хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн ЕБС-ийн сурагчдад үдийн хоолоор үйлчлэх хууль, хөтөлбөр хэрэгжихтэй холбогдуулан сургуулийн гал тогоог зориулалтын техник, тоног төхөөрөмжөөр хангахад хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжтойг тэмдэглэв.


Элчин сайд  Кобаяши Хироюки Монголын ирээдүй болсон хүүхэд, багачуудыг олон улсын жишигт нийцсэн ая тухтай орчинд суралцуулах шинэ сургуулиудын барилгыг төлөвлөгөөт хугацаанд хүлээлгэн өгч, хүний нөөцийг бэлтгэх хөтөлбөрийг танай улсад нэн шаардлагатай байгаа мэргэжлийн чиглэлд хандуулан үргэлжүүлэхийн зэрэгцээ БШУЯ-тай олон талаар хамтран ажиллана гэлээ. 

Холбоотой мэдээ