“Хурбаан айт” баяраар хамаатан садан, найз нөхдийнхөө гэрт зочлохгүй байхыг уриалав

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-07-31 17:54:32

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Дэлхийн мусульманчуудын хоёр дахь том баяр болох "Хурбаан айт" баяр өнөөдөр эхэлж байна.

Уг баярыг Баян-Өлгий аймгийн мусульман шашин шүтдэг  иргэд жил бүр өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай.  "Хурбаан" нь "Аллах бурханд ойртох", "айт" гэдэг нь "эргээд ирсэн баяр баясгалангаар дүүрэн өдөр" гэсэн утгатай юм. Баяр нийтдээ гурван өдөр үргэлжилнэ. Шариатын хуулиар боломжийн амьдралтай мусульман хүн болгон хонь, ямаа, үхэр, тэмээ зэрэг салаа туурайтай малаар Аллах тэнгэрт өргөл барьж, махыг нь бусадтай хуваалцах, ядуусыг хооллох зарчимтай. Мөн энэ өдрүүдэд  мечетүүдэд /шашны сүм/ ч хурбааны мал гаргадаг. 

"Энэ жил Хурбаан айт баяраа төр засгаас гаргасан цар тахлаас урьдчилан сэргийлэх шийдвэр, зөвлөмжийг баримтлан гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг уриалж байгаа. Өнөөдөр мечитүүдэд цөөн хүний оролцоогоор хүн хоорондын зайг баримтлуулж, амны хаалт зүүлгэж баярын тусгай мөргөл үйлдсэн. Өмнөх жилүүд шигээ 10-20 мянгаар мал нядалж өргөл барихгүй. Гэхдээ Баян-Өлгий аймагт 5 мянга, Улаанбаатар хотод 2 мянга орчим л мал гаргаж, махыг нь амьжиргааны түвшин доогуур иргэдэд тараана. Ард иргэдэд хандаж хэлэхэд, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, баярын өдрүүдэд аль болох гэртээ байж,  хамаатан садан, найз нөхдийнхөө гэрт зочлохгүй байхыг зөвлөж байна" хэмээн Монголын мусульман нийгэмлэгүүдийн холбооны тэргүүн Х.Батырбек хэллээ.

Жил бүрийн Хурбаан айт баяраар дэлхийн мусульманчууд Саудын Арабын Мекке хотод хэдэн саяараа цугларч, Хаж мөргөл үйлддэг уламжлалтай. Тэгвэл энэ жил ковид-19 вирусний халдвараас үүдэн дэлхийн түүхэнд анх удаа уг ёслол завсарлаж байгаа ажээ.  

Холбоотой мэдээ