Хөвсгөл аймагт ирснээр аялал жуулчлалын таван маршрутаар аялах боломжтой

Фото
gantuyaB@montsame.mn
2020-07-28 20:24:41

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтран Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг баталсан байна. Мастер төлөвлөгөөнд аялал жуулчлалын маршрутыг боловсруулж  бүх сумыг 5 бүс болгон 25 дэд маршруттай баталжээ. Аялагчид Алтан цагираг, Хөх сувд цагираг, Мөнгөн цагираг, Хүрэл цагираг, Зэс цагираг гэсэн маршрутаар  аялах боломжтой юм.


Алтан цагираг

Тэнгэр  хүмүүний харилцаа, Чингис хааны харизмын нууц, бөө мөргөлийн аялалд тавтай морил. Саяны эко бүсэд хамаарах оньсого мэт “Улаан тайга”, Амар амгалангийн үүд шамбалын орон “Тэнгис, Шишгэдийн хотгор” таныг цаг хугацаа, орон зайн хязгаарын чанадад хүргэнэ.

 


 

Хөх сувд цагираг

Төв Азийн гүнд орших Хөвсгөл нуурын эрэгт “Хөх сувд” цогцолбор үүд хаалгаа нээлээ. Үзэсгэлэнт байгаль, цэнгэг усны аялалд таныг урьж байна.

 



Мөнгөн цагираг- Алунгоо маршрут

Хүний гар үл хүрсэн зэрлэг байгаль, гүн шугуйн аялал, “Эртний Монгол”, “Эрдэмт Алунгоо хатан”-ы сургааль судлалыг хослуулсан маршрут. Их хотын дуу шуугиан, завгүй амьдралаас түр ангижирч адал явдал, түүхийн эрэлд мордох аялал. Даян Дээрхийн агуйн нууцад нэвтэрч, энерги цалгих гүн амралтын аялалд таныг урьж байна.

 





Хүрэл цагираг  Зүүн нуур маршрут

 Байгаль   хүмүүний шүтэн барилдлагаа, эргэх дөрвөн цагийн улиралд нүүдэллэн аж төрөх малчны холч ухаанд суралцах танин мэдэхүйн аялал. Мөнх хааны Эрчин хотын туурь, буган чулуу, дөрвөлжин булшийг үзэж, нүүдлийн соёл иргэншилтэй танилцах боломжтой юм.






Зэс цагираг  Олон голын бэлчир

Домгийн ертөнцөд ирсэн мэт их уулс дунд Буддын хамгийн олон хийдийн туурьтай Олон голын бэлчир - Хөвсгөл аймгийн угтах үдэх төвийн маршрутаар аялаад үзээрэй. Сэлэнгэ мөрний эко загасчлал нь алжаал тайлах зугаатай аялал. Орчин үеийн шийдэл бүхий цогц үйлчилгээ таныг хөгжлөөс алслагдсан мэт мэдрэмж төрүүлэхгүй та аялаад үзээрэй.