Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон бусад хуулиудыг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-05-13 19:18:37

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан цаг сунган хуралдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. 

Уг асуудлыг хэлэлцэж эхлэх үед УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр АТГ, ТЕГ, ЦЕГ-ын дарга нар Хууль сахиулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Ерөнхий сайдад хандан захидал бичсэнтэй холбогдуулан энэ талаар дээрх байгууллагуудын дарга нарыг байлцуулж асуудлыг сонсох шаардлагатай байна гэж байр сууриа илэрхийлсэн юм. Харин Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Ажлын хэсгийн түвшинд энэ асуудлыг ярих үед дээрх газрын дарга нар хуралдаанд оролцсон. Захидлын хувьд хуралдааны дараа гарсан байх. Мэдээлэл байхгүй байна” гэж тайлбарлав.

Ингээд Хууль зүйн байнгын хорооноос гарсан зарчмын зөрүүтэй 70 гаруй саналаар тус бүрчлэн санал хураалгалаа. Тухайлбал “прокурорын байгууллагын дэргэдэх дэмжлэг үзүүлэх алба нь Улсын ерөнхий прокурорын газрын дэргэд байж, мөрдөн шалгах тодорхой төрлийн ажиллагаа явуулдаг байх”, “Хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан эрэн сурвалжлах нууц ажиллагааны үр дүн болох баримт мэдээллийг нотлох баримтаар тооцож болох”, “мөрдөгч мэдүүлгийг тусгай өрөөнд авах, эсхүл тухайн хүний байгаа газарт очиж авах. Мэдүүлэг авах өрөөний стандартыг Улсын ерөнхий прокурор батлах”, Хоригдох этгээдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх бүхий албан тушаалтнаас гаргасан шийдвэрт заасан хугацаагаар хорино”, "Цагдан хорих шийдвэрийг биелүүлэх байгууллага нь хоригдож байгаа өсвөр насны хүнд зориулсан сургалт зохион байгуулна”, "Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон бол хуралдааныг хүчинтэйд тооцно", "Хоригдсон этгээдийг Тахарын алба нь шүүхийн шийдвэрээр шүүх хуралдаанд, хорих байрны захиргаа нь мөрдөгч, прокурорын шийдвэрээр мөрдөн байцаалтын явцад мөрдөн шалгах тодорхой ажиллагаанд оролцуулахаар хуяглан хүргэх, хорих байранд буцаан авчрах ажиллагааг гүйцэтгэнэ” зэрэг саналууд орж, дэмжигдэв.

Дараа нь найруулгын шинжтэй өөрчлөлтүүдийг хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж уншиж танилцуулан, уг хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулиудад орж буй зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураав. 

Уг хууль батлагдсантай холбогдуулан Эрүүгийн байцаан шийтгэх хууль хүчингүй болсонд тооцох тухай, авлигын эсрэг  хуульд өөрчлөлт оруулах тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол улсын шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Терроризмтой тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг 31 хуульд өөрчлөлт орж, батлагдаж байна. 

Үүгээр Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 12-нд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг баталж, 2016 оны 9 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж эхлэх боллоо.   

Үүнээс өмнө чуулганы нэгдсэн хуралдаанаар “Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд гишүүдийн олонхи дэмжсэн юм. Дээрх тогтоолын төсөлд Дорнод аймгийн Халх гол гэх үржил шимт газрыг төрийн мэдэлд авч, бүтээн байгуулалт хийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гаргах зорилгоор ашиглах тухай тусгасан. 

Мөн өдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”-ийг хэлэлцлээ.Үндсэн чиглэлийн биелэлтийн талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцуулав. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн 91 арга хэмжээний 65 арга хэмжээ нь хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай байгаагаас 50 арга хэмжээг улсын төсвөөр, 5 арга хэмжээг гадаад эх үүсвэрээр, 6 арга хэмжээг концессын гэрээгээр, 1 арга хэмжээг хувийн хөрөнгөөр, 4 арга хэмжээг бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр туссан байна.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн нийт 91 арга хэмжээнээс 27 арга хэмжээ 100 хувь буюу бүрэн биелж, 23 арга хэмжээ нь 90 хувь, 20 арга хэмжээ нь 70 хувь, 11 арга хэмжээ нь 50 хувь, 6 арга хэмжээ нь 30 хувь, 3 арга хэмжээ нь 10 хувийн биелэлттэй байна хэмээн тэрбээр танилцуулсан. 

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Батхүү танилцуулав. 

Эдийн засгийн байнгын хороо бусад байнгын хороодоос ирүүлсэн санал, дүгнэлтийг хэлэлцээд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулж УИХ-аас гаргах тогтоолын төслийг боловсруулсан байна. Ерөнхий сайдын танилцуулга болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоолын төслийг эцэслэн баталлаа. 

Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Хууль сахиулах ажиллагааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан юм. Мөн “Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлав.

 

Н.Гантуяа

 

Холбоотой мэдээ