Малчин өрхийн тоо Бүрэгхангай суманд нэмэгджээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-07-24 10:58:13

Булган /МОНЦАМЭ/.Булган аймагт 13917 малчин мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж байна. 

Аймгийн Статистикийн хэлтсийн гаргасан мэдээллээр 2019 оны жилийн эцэст малтай өрхийн тоо 10.7 мянга болсон нь өмнөх оноос нэг, малчин өрхийн тоо гурван хувиар өсжээ. 

Малчин өрхийн тоо Бүрэгхангай суманд 861 болж өмнөх оноос 16,0 хувь өсжээ. Харин Хишиг-Өндөр сумынх 456 болж, зургаан хувиар буурсан байна.

Манай аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 53.4 гаруй хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байгаа нь цаашид малын тооны өсөлтөд биш өндөр ашиг шимтэй мал үржүүлэх, экологийн цэвэр бүтээгдэхүүн боловсруулах. Үйлдвэрлэх, бүтээгдэхүүнээ дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх, өвөлжөө хаваржаагаа түшиглэн малын тэжээл, төмс, хүнсний ногоо тариалах. Малын үржлийн болон мал эмнэлгийн анхан шатны мэдлэг эзэмших. Малчин үйлдвэрлэгч, малчин мэргэжилтэн байх бүрэн боломж байгааг харуулж байна гэж аймгийн Статистикийн хэлтсийн мэргэжилтнүүд дүгнэж байна.

Малчин өрхийн тоо өсөж буурах нь байгаль цаг уураас шалтгаалж байна гэв

Булган аймгийн малчин өрхийн тоо сүүлийн 20 шахам жилийн хугацаанд байгаль, цаг уурын эрсдэлээс шалтгаалан хэлбэлзэлтэй гарч байжээ.

Тухайлбал малчин өрх жилд дунджаар 2001-2005 онд 1.4, 2008-2013 онд 0.4 мянган өрхөөр буурч байжээ.

Харин 2009-2010 онд зуд болсны улмаас малчдын амьжиргааны гол эх үүсвэр болсон мал хамгийн их хэмжээгээр буюу 223.8 мянгаар хорогдсон нь малчдын тоо буурахад голлон нөлөөлсөн байна. Малчин өрх 2010-2012 онд 100-400-гаар буурч, 2013-2017 онд жилд дунджаар 400-гаар нэмэгдсэн сонирхолтой судалгаа байна. Түүнчлэн тус аймгийн хэмжээнд 2005 онд 6,4 мянган малчин өрхтэй болсон нь 2000 оноос хойших хугацаанд хамгийн бага түвшинд хүрсэн үзүүлэлт юм хэмээн Статистикийн хэлтсээс нэмж дуулгалаа.  

Холбоотой мэдээ