АНУ, БНХАУ-ыг БНАСАУ-ын асуудлаар хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-07-23 11:55:50

ВАШИНГТОН. /Yonhap/. АНУ, БНХАУ олон салбарт өрсөлдөж байгаа хэдий ч БНАСАУ-ын асуудлыг зохицуулах чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллах боломжтой гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Стивен Бигун лхагва гарагт мэдээлжээ.


С.Бигун БНХАУ-ын талаарх АНУ-ын бодлогын тухай сонсголыг угтан Сенатын танхимын Гадаад харилцааны хороонд мэдээлэл хийх үеэрээ ийнхүү хэлсэн байна.


“БНАСАУ-ын үй олноор хөнөөх зэвсэг, баллистик пуужингийн хөтөлбөрүүд нь Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг цогцлоох бидний стратегийн сонирхлыг сулруулж байна” гэж БНАСАУ-ын асуудлал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгчийн албыг давхар хашдаг С.Бигун хэлжээ. “БНХАУ БНАСАУ-тай холбоотой асуудлыг дипломат шугамаар зохицуулах хандлагатай санал нийлдэг” гэж тэрбээр нэмж хэлжээ.


БНАСАУ-ын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг татан буулгах чиглэлд гаргаж буй дипломат хүчин чармайлт нь 2019 оны хоёрдугаар сард Вьетнамд болсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын дээд хэмжээний уулзалт тохиролцоонд хүрэлгүйгээр өндөрлөснөөс хойш зогсонги байдалд орсон юм.


БНАСАУ-ын хамгийн ойрын холбоотон, эдийн засгийн дэмжлэг үзүүлэгч орны хувьд БНХАУ нь Пёньяны шийдвэрт нөлөөлөх бололцоотой юм байна.


С.Бигуны хэлснээр, АНУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс Пёньяны эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг Бээжингээр илүү сайн дагаж мөрдүүлэхийн тулд БНХАУ-тай үргэлжлүүлэн холбогдох ажээ.


Гэвч “БНХАУ БНАСАУ-тай хийж буй худалдаагаа бууруулах чиглэлд хүчин чармайлт гаргаж, Солонгосын хойгт энх тайван, хөгжил цэцэглэлтийг цогцлоохын тулд АНУ-тай дипломат хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг хөрш орондоо уриалж байгааг би хүлээн зөвшөөрч байгаа” гэж тэрбээр нэмж хэлжээ. 

Холбоотой мэдээ