З. Энхтөр: Аймаг, орон нутгийн иргэд ажилтай, орлоготой байх нь чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 14:14:51

2016 оны 1-р сарын 17-ны өдөр болсон Сүхбаатар аймгийн Монгол Ардын Намын 2-р бага хуралдаанаар аймгийн МАН-ын даргаар сонгогсон Занын Энхтөртэй ярилцлаа.

-Таны хувьд 2016 оны 1 сараас Сүхбаатар аймгийн МАН-ын дарга гэх албан тушаалыг авсан. Энэ ажилд томилогдохоос өмнө хаана ямар ажил эрхэлж байв, өөрийн эзэмшсэн боловсрол, мэргэжлийнхээ талаар танилцуулаач?

-За баярлалаа. Миний хувьд 1992-1996 онд МУИС-ийн Банкны ангийг төгсөөд 1996-1999 онд аймгийнхаа Хаан банкны салбарт ажиллаж байгаад, 1999 оноос хойш төв банкруу шилжиж ажилласан. Ингээд 1999-2003 онд Хаан банкны санхүү хариуцсан дэд захирал, 2003-2004 онд Интер банкны захиралаар ажиллалаа. Тэгээд 2004 оноос хойш 10 гаруй жил хувийн бизнес эрхэлж байна. Энэ бизнес маань барилга угсралт, мөн бетон зуурмагийн үйлдвэр, банк бус санхүүгийн байгууллага зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2016 оны 1 сараас аймгийнхаа Монгол Ардын Намын хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа.

-Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны бага хурал болно, шинэ дарга сонгоно гэж байхад таны нэр байгаагүй, ер нь бол та гэнэт гарч ирсэн. Яагаад энэ намын даргаар ажиллах болов?

-Тийм ээ. Энэ бол миний хувьд их бодож байж гаргасан шийдвэр. Монголчууд маань биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэж ярьдаг. Миний хувьд  тодорхой хугацаанд бизнес эрхэллээ. Банк санхүүгийн салбарт багагүй хугацаанд ажилласан. Ингээд өөрийнхөө хувьд бол биеэ засаад гэрээ засчихлаа, одоо харин нутаг орныхоо төлөө зүтгэе, өөрийгөө сорьё гэсэн хүсэл зоригоор нутгаа зорин ирж, намын даргын сонгуульд нэр дэвшиж оролцсон. Мөн МАН-ын удирдах зөвлөлөөс намайг дэмжиж нэр дэвшүүлсэн байгаа. Тэгээд би намынхаа хамт олны олонхын санал, дэмжлэгийг авч намын даргын хариуцлагатай албанд томилогдсон. Миний тэр бодож ирсэн хүсэл тэмүүлэл, зорилго маань өнөөг хүртэл хэвээрээ байгаа, үүнийхээ төлөө ч санаачлагатай байж тууштай ажиллаж байна.

-Таны хувьд маш хариуцлагатай үед намын даргын ажлыг авлаа. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд Сүхбаатар аймгийн засгийг АН удирдлаа. Энэ хугацаанд Сүхбаатар аймагт МАН гэх нам байхгүй юм шиг унтаа байдалтай байж, сөрөг хүчнийхээ үүргийг сул гүйцэтгэж ирсэн. Үүнтэй та санал нийлэх үү?

-Би санал нийлж байна. МАН бол 95 жилийн түүхтэй. 200 мянга гаруй гишүүнтэй, улс төрийн ууган нам. Бүх аймаг сумдад салбар нэгжтэй, үйл ажиллагаа нь тогтворжиж ирсэн том хамт олон. Гэсэн хэдий ч Сүхбаатар аймгийн МАН 2008 оноос эхлэн аймагтаа цөөнх болж, сүүлийн 8 жил сөрөг хүчин байлаа. Ялангуяа 2012-2016 онд бол аймгийн иргэдийн хурлын 33 суудлаас зөвхөн 8 суудлыг авч харьцангуй цөөнх болсон. Энэ утгаараа аймгийн иргэдийн хуралд сууж байгаа манай төлөөлөгчдийн дуу хоолой, үзэл бодол нь аймгийн бодлого шийдвэрт тусч чадалгүй өнгөрч, энэ ч утгаараа ард иргэд, намын гишүүд дэмжигчигдэд унтаа байдалтай харагдсан байх. Гэхдээ бид сүүлийн 3 сар гарны богинохон хугацаанд шинэ хамт олон, шинэ удирдлагын баг эрч хүчтэй ажиллаж намынхаа хамт олны унтаа байдлыг сэрээж, гишүүдийнхээ урам зоргийг сэргээх олон үйл ажиллагаа зохион байгуулсаны үр дүнд  одоо бол манай намын хамт олны сэтгэл зүрх, итгэл сайхан сэргэсэн. Маш их урам зоригтой, итгэл үнэмшилтэй ажиллаж байгаа. Сүхбаатар аймгийн МАН бол 8000 орчим гишүүнтэй нилээн том масстай. Гэхдээ гишүүдийн маань хүлээлт их байсан нь сая харагдлаа. Бид хөдөө орон нутгаар явлаа, бүх сумдаараа тойрч гишүүд дэмжигчидтэйгээ уулзлаа. Баруун-Урт хотод эд хэдэн уулзалт хийж тэднийхээ дуу хоолой, санаа бодлыг сонслоо. Энэ бүгдийг дүгнээд харахад бол үнэхээр том масс байна, гишүүдийн маань дэмжлэг байна. Гагцхүү түүнийг удирдан зохион байгуулах  чиглүүлэх, тэднийгээ эрч хүчтэй урам зоригтой ажиллуулах хөшүүрэг, удирдан манлайлах ийм үйл ажиллагаа дутагдаж байсан гэдэг нь харагдсан. Үүнийг бид сүүлийн 3 сарын хугацаанд их мэдэрч ажиллалаа. Тэр хэмжээгээрээ гишүүд маань сэргэсэн. Одоо бол маш сайхан эрч хүчтэй ажиллаж байна даа.

-Удахгүй бүх шатны сонгууль болно. Мэдээж та бүхэнд сонгуульд ялагдана гэж оролцохгүй. Тиймээс сонгуулийн үед ямар байдлаар ажиллана гэж бодож байна. Та сая хэлсэн. Ажлын маань гараа амжилттай сайн эхэллээ гэж. Аливаа зүйлд гараа, эхлэл гэдэг чухал байдаг?

-Мэдээж тэгэлгүй яахав. Бөх хүн наадамд давна л гэж барилддаг шүү дээ. Тэр утгаараа улс төрийн байгууллагын эцсийн зорилго бол өөрсдийнхөө бодлого хөтөлбөрийг сонгогч олон түмэндээ танилцуулж тэднийхээ дэмжлэгийг авч, ингэснээрээ сонгуульд ялалт байгуулж засаглал авч өөрсдийн бодлогыг хэрэгжүүлэх шүү дээ. Бидний хувьд ч гэсэн тийм л зорилготой байгаа. Мэдээж сонгуулийн хариуцлагатай жил би энэ албыг авсан учраас аймаг орон нутгаа өөрчлөхийн төлөө өөрийнхөө бодож мөрөөдөж байгаа зүйлүүдээ биелүүлэхийн төлөө тууштай зүтгэх болно. Мэдээж сонгууль гэдэг сонгогч олон түмний эцсийн  сонголтоор шийдэгддэг асуудал. Одоо тэр нам, энэ нам нь ялна гэж ярих эрт байна. Гэхдээ бид өөрсдөөс хамаарах бүхнийг хийнэ. Мэдээж сонгуульд ялахын төлөө л ажиллана.

-МАН-ын даргаар сонгогдохоосоо өмнө Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байсан. Энэ хугацаандаа нутаг орон руугаа чиглэсэн ямар ямар төрлийн ажил хийж байв? Уншигчид маань бас таныг төдийлөн сайн мэдэхгүй байх?

-Би Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул хүн. Тиймээс Улаанбаатар хот дахь Түвшинширээ сумын нутгийн зөвлөлийн ажлыг 10 гаруй жил хийлээ. Өнгөрсөн 2015 онд дараагийнхаа хүнд хүлээлгэн өгсөн. Мөн арав гаруй жил аймгийнхаа нутгийн зөвлөлийн тэргүүлэгчээр ажилласан. Цаашлаад аймгийнхаа Жавхлант бөхийн дэвжээг 2010 онд байгуулаад мөн л 5 жил гаруй тэргүүнээр нь ажиллаж нутгийнхаа залуучууд, бөхчүүдийг дэмжиж зохион байгууллтанд оруулж бөхчүүдээ гаргаж ирье гэсэн зорилгоор ийм ажлуудыг хийж байсан. Мэдээж нутгийн зөвлөлийн ажил гэдэг бол хүн сэтгэлээрээ хийдэг, яг өөрийнхөө нутаг оронтой холбоотой, тэр нутгийн ард иргэдэд тус дэм болох юмсан гэсэн итгэл сэтгэл үнэмшлээр хийдэг, ямар нэгэн цалин хөлс гэхгүй өөрийнхөө халааснаас мөнгөө гаргах үедээ гаргаад өөрийнхөө чадлаар өөрийгөө нутгийнхаа төлөө зориулаад явж байдаг тийм л ажил. Энэ ажилд 10 гаруй жил зүтгэсэн учраас нутгийнхантайгаа олон талаар хамтарч ажиллаж ирсэн. Хүн бол нутагтайгаа хүйн холбоотой байдаг. Би  2010 онд Хаан банкны дэд захирал болсон цагаасаа эхлээд л нутаг орныхонтойгоо байнга холбоотой ажиллаж ирсэн дээ.

-Сүхбаатар аймаг сүүлийн 4 жил шилдэг аймгаар шалгарлаа. Та бол эдийн засагч хүн. Аливаа улс, аймаг орон нутгийн хөгжлийг юугаар тодорхойлдог юм. Хөгжлийн гол шалгуур үзүүлэлт таны бодлоор юу байх ёстой вэ?

-Эцсийн эцэст хүн амын хөгжил  ч бай, эдийн засгийн хөгжил ч бай аль аль нь эцсийн эцэст цалинтай, ажилтай орлоготой, иргэдийн амжиргааны түвшин дээшилсэн байдлаар л хэмжигдэх ёстой. Хүн бол эцсийн дүндээ ажилтай байх ёстой. Ажилтай байна гэдэг орлоготой болно. Орлогойтой байна гэдэг тэр хүн сайн сайхан амьдрана, боловсрол эзэмшинэ эрүүл мэндээ хамгаална.Цаашлаад орон байр, унаа тэрэг гээд ингээд сайн сайхан амьдралруу шат шатаар өгсөнө. Тиймээс хүн өөрийн хүслээр сайхан амьдрах гол үндэс бол нэн түрүүнд ажилтай байх ёстой. Ажлын байр олноор бий болсон байх ёстой. Манай аймгийн хувьд 4 жил дараалан шилдэг аймаг боллоо гээд хангаттай ярьж байгаа. Харамсалтай нь яг үнэндээ ажилгүйдлийн түвшин 10,8 хувьтай байна. Ажилгүй олон залуучууд Баруун-Уртад байна. Ажлын байр үнэндээ сайн нэмэгдээгүй харагдаж байна. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, ажлын байрыг олноор бий болгох тал дээр аймаг орон нутгийн төр захиргааны байгууллага, удирдлагын зүгээс гол анхаарал, гол бодлого чиглэх ёстой. Энэ тал дээр жаахан дутуу ажилласан юм болов уу гэж анзаарагдаж байгаа. За тэгээд үүнтэй холбоотой олон асуудлыг ярьж болно л доо. Хүн амын боловсрол, эрүүл мэндийн байдал гээд зөндөө асуудал хөндөж болно.

-Ямар ч төрлийн ажил явуулахад сэтгэл зүрх, гар нийлсэн баг хамт олон гэдэг маш чухал. Та бол шинэ дарга шүү дээ. Яг өөрийн сэтгэлд нийцсэн баг хамт олноо бүрдүүлж чадсан уу?

-Тийм ээ. Улс төрийн байгууллага гэдэг бол багийн тоглолт, баг хамт олноороо чухам дуугарвал дуу нэг дугтарвал хүч нэг байж амжилтанд хүрдэг нь бичигдээгүй хууль. Тэр утгаараа намын бага хурал дээр намайг даргаар сонгогдсон тэр цагаас аймгийн намын хороог шинэчилэн зохион байгуулсан. Намын хорооноосоо дахиад тэргүүлэгчдийнхээ бүрэлдэхүүнийг шинэчилсэн. Тэргүүлэгч дотроосоо намын дэд дарга болоод удирдлагын бүрэлдэхүүнийг шинэчилсэн байгаа. Намын бүтэц зохион байгуулалт, бүрэлдэхүүн бүрэн шинэчлэгдсэн. Гэхдээ тухайн үед би тодорхой бодлого барьж шинэ хуучныг хослуулъя гэж бодсон. Бүгд шинэчэгдвэл уламжлалаа хадгалах, ажлын туршлагаас эхлээд олон талын доголдол үүсч болох учраас ер нь 50, 50 хувьтайгаар зохион байгуулалт хийсэн. Тодруулбал шинэ эрч хүчтэй залуу үе, ажлын арвин дадлага туршлагатай хуучин ажилтнууд гээд хосолсон, бие биенээ нөхсөн бүрэлдэхүүнажиллаж байгаа. Энэ нь ч нилээн зөв бүтэц бүрэлдэхүүн болсон гэдэг нь харагдаж байгаа. Өнгөрсөн хугацаанд бид намын ажлыг зохион байгуулаад  явж байхад ажлын туршлага, шинэ залуу үеийн эрч хүч манлайлал аль аль нь хэрэгтэй байгаа нь ажиглагдсан. Тиймээс би манай баг бүрэлдэхүүн бол зөв бүрэлдэж чадсан гэж хэлнэ.

-Та түрүүнд хэлсэн, бүх сумдаараа яваад ирсэн гэж. Ингэж яваад намынхаа гишүүд дэмжигчидтэй уулзаж байхад намын тань гишүүдийн санаа сэтгэл ямар байна, та бүхэнд ямар санал шүүмжлэлийг хэлж байв?

-Бид 13 сумынхаа гишүүд дэмжигчидтэй уулзлаа. 2000 гаруй хүнтэй уулзаж тэднийхээ дуу хоолойг сонслоо, санал бодлоо солилцлоо. Хүмүүсийн хэлж ярьж байгаа зүйл ерөнхийдөө ямар ч суманд очсон адилхан байна. Малчдын амьдрал хүнд байна, сумын төвийн  айл өрхүүдийн амьдрал ахуй хэцүү байна гээд үүнээсээ үүдээд хэлж байгаа зүйлүүд нь яаж орлоготой болох вэ, яаж малын гаралтай түүхий эдийн үнийг тогтвортой өндөр хэмжээнд байлгах вэ  гэдэг асуудлыг тавьж байна. 2012- 2016 оныг хүмүүс их харьцуулж ярьж байна л даа. 2012 онд худалдан авч байсан бараа бүтээгдэхүүнийх нь үнэ хэд дахин нэмэгдчихсэн, малын гаралтай түүхий эдийнх нь үнэ хэд дахин буурлаа. Мөнгөний үнэ ханш байхгүй боллоо гэсэн зүйлүүдийг хэлж ярьж байна. Мэдээж намын гишүүд учраа намынхаа үйл ажиллагаанд санаа зовнисон байна. Аймгийн намын хороо маань тодорхойгүй байдалтай, идэвхигүй олон жил боллоо. Үүнийг яаж сэгээх гэж байна, та нар маань эрчтэй хүчтэй шинэ хүмүүс ингээд явж байгаад баяртай байна, одоо л нам маань жигдэрч, идэвх санаачлагатай ажиллах юм бол бидэнд найдвар байгаа гэдгийг бүгд л дуу нэгтэйгээр хэлж байна. Ер нь гишүүдийн идэвх сэргэж байгаа гэж хэлж болно оо.

-Сүхбаатар аймгийн ирээдүйг та яаж харж байгаа вэ?

-Мэдээж аймаг орон нутаг маань илүү сайхан болоосой гэж хүн бүр хүсэж мөрөөдөж, зорьж байгаа. Тэр ч утгаараа миний хувьд аймгийн МАН-ын даргын хувьд нөгөө талаараа эдийн засагч хүний хувьд аймгийнхаа ирээдүйн хөгжлийг ерөөсөө л ажилтай орлоготой Сүхбаатарчууд гэсэн өнцгөөс л харж байгаа. Гэхдээ ажилтай байхын тулд түүнийг дагасан олон олон асуудлыг бодлогоор шийдэх ёстой. Яаж тэр жижиг дунд үйлдвэрлэлүүдийг хөгжүүлж ажын байрыг шинээр бий болгох вэ, хүмүүсээ ажилтай байлгахын тулд ямар чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх  вэ гэдэг дээр хүн бүр ухаанаа уралдуулж ажиллах ёстой. Аливаа хөгжил бол ерөөсөө л явж явж өөрийнхөө хамгийн давуу тал боломжийг дээд зэргээр ашиглаж чадсан нь хөгждөг. Энэ бол жам ёсны асуудал. Тийм болохоор Сүхбаатарчууд бидэнд ямар боломж байна, тэрийг бид тултал ашиглах ёстой. Бид бол 3 сая гаран малтай хөдөө аж ахуйн орны нэг аймаг учраас хөдөө аж ахуйн чиглэлрүү анхаарлаа тавьж ажиллах ётой. Энэ утгаараа хөдөө аж ахуйн түүхий эдийн болосруулах жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр гол анхаарлаа хандуулах ёстой. Сүхбаатар аймгийн малын мах гэдэг бол Монгол улсын брэнд бүтээгдэхүүн гэж би ойлгодог. Улаанбаатар хотын зах дээр бусад аймгийнхан СҮА гэсэн дугаартай машин дээр махаа зарж байсан түүх байдаг. Энэ бол Сүхбаатар аймгийн малын мах амт шим сайтай, чанартай гэдгийг харуулж байгаа юм. Тиймээс үүнийг бид бизнес болгох ёстой. Аймаг орноороо санаа зорилгоо нэгтгэж нэгдсэн бодлого, зорилготойгоор Сүхбаатар аймгийнхаа махаар дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангадаг, цаашлаад экспортонд гаргадаг болох ёстой гэсэн энэ чиглэлийн тодорхой үйлдвэрүүдийг шат дараатайгаар байгуулж нэгдсэн бодлого зохион байгуулалттайгаар ажиллах юм бол Сүхбаатарчууд ажилтай орлоготой болно, хөдөөгийн малчид тогтмол орлоготой болох юм. Малчид зүгээр малаа маллаад байх бус тодорхой үйлдвэрийн хувьцаа эзэмшдэг үе удам дамжсан хөрөнгөтэй болох боломж бололцоотой. Тиймээс  бүгдээрээ нэгдэж, хоршиж байж дундын сангийн хөрөнгөөрөө бий болгох, хувьцаа эзэмших энэ чиглэлийн ажлуудыг бодлогоор хийх ёстой юм байна гэж харж байгаа.

Ярилцсан Т. Одончимэг

Холбоотой мэдээ