Б.Хишигбаяр: Япон улс Тогтвортой хөгжлийн зорилгоо хог хаягдлыг багасгахаас эхэлсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-07-17 12:22:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тогтвортой хөгжлийн "Mongolian Goals" төслийн зохицуулагч Б.Хишигбаяртай ярилцлаа. Тэрээр Япон улсад төрийн захиргаа, гадаад харилцааны чиглэлээр мэргэжил дээшлүүлэн суралцсаны сацуу байгаль орчин, тогтвортой хөгжлийн судлаач оюутнаар суралцаж, сургагч багшаар ажиллаж байна. "Япон улс дэлхий дээр тогтвортой хөгжлийг амжилттай хэрэгжүүлж байгаа жишээ орны нэг. Тийм болохоор тэндээс суралцах зүйл маш их байна" хэмээн яриагаа эхэлсэн юм. 

-Танай төсөл Япон улс дахь тогтвортой хөгжлийн жишгээр хэрэгжинэ гэж байна. Энэ талаар тодруулна уу?

-Бид хөгжил гэхээр өндөр байшин, гоё ганган зүйл төсөөлдөг. Япон улсын ирэх 10 жилд тодорхойлж байгаа хөгжлийн зорилго нь асар их хэмнэлттэй, байгаль экологид ээлтэй, хүн ардад тэгш, тогтвортой хөгжлийн боловсролыг нийтэд хүртээмжтэй байдлаар хүргэж, хангасан байх явдлыг чухалжилж байна.

Улс орнууд өөр өөрийн нөхцөл байдлаар хөгжлөө тодорхойлсон ч дэлхий нийтээр дагаж мөрдөх шаардлагатай зорилго, зорилт бий. Японы хувьд 2020-2030 оны хөгжлийн зорилтыг "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-д тулгуурлан тодорхойлж, үүнийгээ бүх шатны салбар, бизнесийн болон төрийн байгууллагуудад хэрэгжүүлж байна. Нэг ёсондоо байгаль орчинд ээлтэй хөгжлийн суурийг тодорхойлсон. Эрчим хүч, усаа хэмнэх зэргээр бүх юмыг хэмнэлтийн горимд шилжүүлж байна.

Энэ олон үйл ажиллагаанаас миний анхаарлыг татсан ганц жишээг хэлэхэд япончууд “Бүгдийг нь идээрэй" буюу "Зэнбү табэтэкүдасай" гэсэн төсөл хэрэгжүүлж байна. 


Манай улс хог, хаягдлын мененжментээр Японоос 50 жилээр хоцорч явна. Тиймээс бид тэднээс суралцах зүйл их байна.


-"Бүгдийг нь идээрэй" төслийн ач холбогдол юунд байна вэ?

-Энэ нь хүмүүсийг хоолоо үлдээхгүй байх, соёлд сургах, хамгийн гол нь хоолны хог хаягдлыг багасгах зорилготой. Энэ төслийг супермаркет, ресторан, том, жижиг хоолны газруудыг хамруулаад тухайн хотын засаг захиргаа нь хувийн хэвшилтэйгээ хамтран хэрэгжүүлж байгаа нь онцлогтой. Супермаркетуудад олноор худалддаг савласан хоолнуудаа 24 цаг буюу хугацаа нь дуусангуут шууд устгадаг. 

Япон улсын нийт хог хаягдлын 60 хувь нь хоолноос гарч байна. Үүнд хүнсний дэлгүүрээс огт зарагдаагүй хугацаа нь дууссан болон хүмүүсийн идээд үлдээсэн хоолны үлдэгдэл нь дийлэнх хог хаягдлыг бүрдүүлж байна. Нэг таваг хоол боловсруулахад байгалийн маш их нөөц, ус, цахилгаан, хүмүүсийн хөлс хүч шаарддаг. Хоолны хог хаягдлийн дийлэнх хувь нь дахин боловсруулалтад ордоггүй тул ялзмаг болоод хөрсөнд шингэхэд асар их хугацаа зарцуулдаг. Иймээс хоолны хаягдлыг багасгах зорилгоор хүмүүсийг худалдаж авсан хоолоо бүгдийг нь идэхийг уриалахад уг төслийн зорилго оршдог юм билээ. 


Хоолны хог хаягдлийн дийлэнх хувь нь дахин боловсруулалтад ордоггүй. 


-Хүмүүсийн хоолоо үлдээдэг асуудлыг Монголын нөхцөл байдалтай харьцуулахад ямар байна? 

-Манайд зарим хүмүүс хоолоо үлдээгээд гарвал "лаг" хүн болж харагдана гэсэн буруу ойлголт бий. Монголд үнэтэй, хямд хамаагүй ямар нэг хоолны газар хоол идээд гарахад заавал ямар нэг байдлаар үлдээх ёстой, үүнийгээ соёл маягийн юм гэж ярих нь холгүй байна. Ийм хандлагыг даруй халах ёстой. Ер нь бол хооллоно гэдэг тухайн хүний биеэ авч явах, хувь хүний соёлтой холбоотой чухал чанар. Би Японоос ирээд Улаанбаатар хотынхоо хоолны газруудаар орж ажиглахад 5 ширээний 3-т нь хоолоо үлдээж байна. Нэг ёсондоо манайхны 80 орчим хувь нь ямар нэг байдлаар үлдээгээд гарч байсан. Тиймээс бид энэ хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Ер нь Тогтвортой хөгжил нь хувь хүний төлөвшилтэй холбоотой юм.

-Японы хог, хаягдлын менежментээс бидэнд суралцах зүйл их бий?

-Тэгэлгүй яахав. Өнөөдөр манайд яригдаж байгаа хогоо ангилан ялгах, дахин боловсруулах зэрэг асуудлыг хөгжингүй орнууд 50-60 жилийн өмнө бүрэн шийдсэн. Тэгхээр бид энэ хэрээр хоцорч байна гэсэн үг. Япон улс хог хаягдлын менежментээр дэлхийд нэгдүгээрт ордог улс. Энэ талаар хууль болон төр, захиргаанаас гарч буй шийдвэр бүртээ маш нарийн тусгаж өгсөн байдаг. Жишээ нь, Угаалгын машины тухай хууль гэж байдаг. Угаалгын машин ашиглагдахгүй болвол ямар арга замаар, аль эд ангийг хэрхэн устгах, яаж дахин ашиглах гээд бүх зүйлийг нь зааж өгсөн. 

Манайх энэ жишгээр Хог хаягдлын тухай хуульд маш нарийн, тодорхой сайн зааж тусгаж өгөх хэрэгтэй. Энэ тал дээр төр, захиргааны байгууллагаас эхлээд бүх шатандаа хамтрах хэрэгтэй. Монголд цөлжилт, усны хомсдол нэгэнтээ нүүрлэсэн. Тиймээс аль ч хэрэглээн дээрээ хувь хүн дор бүрнээ хариуцлагатай хандах хэрэгтэйг цаг үе, хөгжил биднээс шаардаж байна. 


Бид цөлжилт, дулаарлын учир шалтгааныг ойлгож байж тогтвортой хөгжинө

-Танай төсөл Монголд яг юу хийх вэ?

-"Mongolian goals" төсөл Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэж байгаа. Ялангуяа боловсролын салбар руу хандаж ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, хүмүүст тогтвортой хөгжлийн боловсролыг ойлгуулах, сайн туршлагыг нэвтрүүлэх юм. Энэ хүрээнд манай төсөл Японы арга туршлагыг Монголд нэвтрүүлэх зорилгоор энэ намраас хэрэгжинэ. Гол зорилго нь сургалт, сурталчилгааны хэлбэрээр сургуулийн сурагчдаас эхэлж, тэдэнд зориулсан сургалт явуулна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тогтвортой хөгжлийн чиглэлээр контентууд бэлдэх юм.

-Тэгэхээр хэвлэл мэдээллийн байгууллагууд нээлттэй оролцож болох уу?

-Тэгнэ, бүх хэвлэл мэдээлэлд нээлттэй. Тогтвортой хөгжлийн талаар манайд 2015 оноос ярьж эхэлсэн. Хүмүүс тогтвортой хөгжил гэхээр бодлогын баримт бичиг, энэ нь дарга нартай холбоотой асуудал гэж ойлгоод их хол санадаг. Тийм биш. Энэ бол өнөөдөр та ус, цахилгаанаа яаж хэмнэх, байгаль орчиндоо ямар их хөрөнгө оруулж байгаагаа ойлгох явдал юм. Өглөө босоод л хийх, амьдралын өдөр тутмын үйлдэл, үйл ажиллагаатай шууд холбоотой. Үүнийг манай монголчууд ойлгох цаг болсон. 

Өнөөдөр манай улсын газар нутаг маш их цөлжиж байна. Агаар хуурайшиж байна. Энэ бүхнийг хараад хүмүүс яагаад бороо орохгүй байна, яагаад цөлжөөд байна, шороон шуурга шуураад байна гэх хэрнээ шалтгаан нь юу гэдгийг бодож үзэхгүй байна. Судлаачид ирэх 10 жилд манай улс ундны усаар хомсдоно гэсэн төлөв байдлыг гаргасан. Энэ бүхний шалтгаан нь таны өнөөдрийн амьдрал дээрээ зөв байх жижиг үйлдлээс эхлэх учиртайг манай төсөл ард иргэддээ ойлгуулах зорилготой юм.

-Тогтвортой хөгжил нь хувь хүний төлөвшилтэй холбоотой гэдгээ тодруулна уу?

-Япон хүн цагийн үнэ цэнийг мэдэрч, хором бүрийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг нь том төлөвшил юм. "Сууж сурахаас суралцах ухаан эхэлдэг" гэдгийг тэндээс олж харсан нь манай залуучуудад их хэрэгтэй санагдсан.  Жишээ нь, хоёрхон цаг бүх зүйлээ орхиод зөвхөн хичээлээ хийхэд зарцуулахад тэр цаг хугацаа асар их үнэ цэнтэй болдог. Хийх гол зүйлдээ төвлөрч сурах нь чухал. Мөн өглөөний цаг их чухал юм билээ. Хүн цаг хожиж сурснаар бусад хэрэглээгээ хэмнэж, олон зүйлийг ойлгож, хурдтай хөгждөг байна. 

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ