“Rio Tinto” Монголын зэсийн уурхайн нөөцийн тооцооллыг бууруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-07-14 13:33:43

МЕЛЬБУРН. /Financial Times/. Rio Tinto” компани Монголын говь дахь томоохон далд уурхайгаас олборлох алт, зэсийн нөөцийн тооцооллоо бууруулжээ. Сүүлийн тооцоогоор бүтээн байгуулалтын ажилд 6.8 тэрбум ам.долларыг зарцуулах төлөвтэй байгаа ажээ.


Rio Tinto” компанийн шинэ техник эдийн засгийн үндэслэлээс /ТЭЗҮ/ үзэхэд, тус компани Оюу толгой уурхайн зэсийн нөөцийг 15 хувиар, алтны нөөцийг 17 хувиар бууруулжээ. Үүнээс үзэхэд олборлолтын хэмжээ урьдчилан таамаглаж байснаас буурч, уурхайн ашиглалтын хугацаа богиносож болзошгүй байгаа юм байна.


Rio Tinto” компани удирдлагын бүрэлдэхүүндээ томоохон өөрчлөлт оруулж буй талаараа мэдэгдсэнээс хойш хэдхэн хоногийн дараа шинэ тооцооллыг танилцуулжээ. Компанийн мэдээлснээр, төслийг хариуцсан төлөөлөгч болох Стив Макинтош энэ онд үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх ажээ.


Энэхүү явдал нь уурхайгаа өргөжүүлэхийн тулд газар эзэмшигчидтэй сөргөлдөж, Баруун Австралийн уугуул иргэдийн хоёр дурсгалт газрыг сүйтгэх алдаатай алхмуудыг хийхэд хүргэснийхээ улмаас шүүмжлэлд өртөөд буй гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жакад ирэх шахалтыг улам нэмэгдүүлжээ.


Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт нь “Rio Tinto” компанийн хамгийн чухал ирээдүйтэй төсөл бөгөөд гүйцэтгэлийн ажил дууссанаар дэлхийн зэсийн хамгийн том эх үүсвэрүүдийн нэг болж, автомашинаас эхлүүлээд агааржуулалтын төхөөрөмж зэрэг бүх зүйлд ашиглагддаг металлыг жилд 500 мянга гаруй тонноор олборлоно. Түүнчлэн ил уурхайд олборлолт хэдийн эхэлсэн байгаа юм.


Rio Tinto” компанийн зэсийн бизнесийг Ж.Жак ахалж эхэлсэнтэй нягт холбоотой далд уурхайн төсөл нь олон удаа хойшилж, хөрөнгө оруулалт, төсвийн хэтрэлт, Засгийн газрын шахалттай тулгарчээ.


Мөн уг төсөл нь эзэмшлийн төвөгтэй бүтэцтэй. “Rio Tinto” нь Оюу толгойн үйл ажиллагааг хариуцдаг боловч шууд хувьцаа эзэмшдэггүй. Оюу толгой төслийн 66 хувийг Торонто хотод бүртгэлтэй “Turquoise Hill Resources” компани эзэмшдэг бөгөөд тус компанийн 50.8 хувийн хувьцааг “Rio Tinto” эзэмшдэг. Төслийн үлдсэн 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг юм.


Өнгөрсөн долоодугаар сард “Rio Tinto” Оюу толгойн эхний олборлолтыг 2022 оны тавдугаар сараас 2023 оны зургадугаар сарын хооронд хийх төлөвтэй байгаа талаар мэдээлж байсан нь эхний төлөвлөгөөнөөс 30 сараар хойшилсон бөгөөд зардал нь урьдчилан таамаглаж байснаас 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдсэн байна. Эдгээр тооцооллыг “Turquoise Hill Resources” тавдугаар сард өөрчилж, хойшлох хугацааг 25 сар, нэмэлт зардлыг 1.5 тэрбум болгожээ.


Үүний шалтгааныг газрын байдал хүнд байгаа тул эхний зураг төсөл болон төслийн хуваарийг эргэн харахад хүрсэнтэй холбон тайлбарлажээ. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шаардсан шинэ ТЭЗҮ-д уг судалгааг тусгасан байна. 

Холбоотой мэдээ