“Гэгээн тамлан” жүжгийн орлогыг Элэг нэгт Монголчууд санд хандивлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 08:53:23

БСШУЯ-ны Шинжлэх ухааны технологийн сангийн төслийн хүрээнд Хавдар судлалын үндэсний төв элэг шилжүүлэн суулгах мэс засал хийх эрхэм зорилгоор эхлүүлсэн “Элэг нэгт Монголчууд” сан байгуулах хандивын аяныг Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын хувьд саяхан ГЭГЭЭН МУЗА-13 наадмаас шагнал хүртсэн “Гэгээн тамлан” хөгжимт драмын жүжгээрээ хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ.

Хандивын тоглолтыг 2 удаа зохион байгуулна. Уг нь орон даяар бүх урлагийн байгууллагууд нэг өдөр зэрэг ганцхан удаа тоглох ёстой ч Сүхбаатар аймгийн Жаахан шарга театр нь суудал цөөнтэй учир ийнхүү 2 удаа тоглохоор болжээ.

Элэгний хавдрын өвчлөлөөр Дэлхийд Монгол Улс нэгдүгээрт байгаа бол, Монголдоо Сүхбаатар аймагт нэгт бичигддэг. Тиймээс Сүхбаатарчууд энэ аянд илүү идэвхитэй оролцох хэрэгтэй гэдгийг Жаахан шарга театрын дарга Т. Шинэхүү  онцоллоо. Жаахан шарга театр нь үндсэн 420 гаруй суудалтай. Жүжгийн билетийн үнэ 10,000 төграг. 2 удаагийн тоглолтоос 8 сая орчим төгрөгийг цуглуулж Элэг нэгт Монголчууд санд хандивлахаар төлөвлөжээ.

Элэг нэгт Монголчууд санд төвлөрөх 1 тэрбум төгрөгийг элэг шилжүүлэн суулгах мэс засалд шаардлагатай тоног төхөөрөмж багаж хэрэгсэл болоод нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэхэд зарцуулах юм.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ