Тусгаарлах байранд 2996 иргэн ажиглалтад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-07-09 12:28:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий дахинд  сүүлийн 24 цагийн дотор коронавирусний халдварын 200 мянга гаруй  шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар анх тархсанаас хойш хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв.

 

Тэрээр мэдээлэлдээ, “Өвчлөл тав хоногт нэг саяар нэмэгдэж, шинэ төрлийн коронавирусний тархалтын хурд өндөр байна. Хөл хорио цуцалсан орнуудад халдвар дахин нэмэгдэж, өвчлөл хожуу эхэлсэн Казахстан улсад халдварын тоо өсөж, эмнэлгийн ачаалал ихээхэн нэмэгдлээ. Иймээс иргэд амны хаалт зүүх, гараа угаах, зай барих дэглэмийг сахих нь нэн чухал гэдгийг дахин сануулж байна” хэмээв.

 

ОХУ-д 24 цагийн дотор 6562 хүн шинээр коронавирусээр халдварлаж, 173 хүн энджээ. Буриад, Тува, Читад халдвар 35-70 тохиолдлоор нэмэгдсэн байна. Тувад халдвар буурч байсан ч буцаж нэмэгдэх хандлагатай болжээ.  

 

Манай улсын хувьд 289 хүн ажиглалтад орж, 288 иргэн гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогоор тусгаарлах байранд 2996 иргэн байгаагаас 5 хүртэлх насны 191 хүүхэд, 102 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 366 иргэн байна. Эдгээр иргэдэд 55 их эмч, 84 рездидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Мөн орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд 11 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж, 7000 гаруй хүнд тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

 

Өнөөдрийн байдлаар, короновируст халдвар дэлхийн 216 улс орон, бүс нутагт бүртгэгдэж, 12 сая 142 мянган хүн өвчилж, 550 мянган хүн энджээ. Мөн 6.9 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол таван сая гаруй хүн эмчлүүлж байна.

И.Даваадорж

Холбоотой мэдээ