ИРГЭНШСЭН ХОТООС УМАРДЫН НҮҮДЭЛЧИД ХҮРТЭЛ |Цуврал 1|

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2020-08-11 11:49:07

Цуврал 1


1. БОРОО ОРЖ БАЙНА


Зуны амралт эхлэхэд хоёр хоног дутуу... Тийм хэдий ч алс газарт зорчих хүсэл байж суухын аргагүй дотроос оргилж ирээд хийх ажил мундахгүй байсан авч ямартаа ч өөрийгөө хүчилж байгаад хоёр хоногийн чөлөө зохицуулж дөнгөв. Ингээд л зорьсон газартаа очсоны дараа, зориод хүрсэн газрынхаа хүмүүстэй ярилцаж, үзэг дуусч, дэвтэр дүүртэл эрээчсэн хойно эргэж ирнэ хэмээн өөртөө амлаад гэрээсээ гарав. Бүх л юм шинэхэн санагдаж байлаа. Яг л хуучин бүхнээс хагацаж, хувь тавилангийн жиндүү боловч ямар нэг тааламжтай ахуйг мэдрүүлэх өөрчлөлтийн замд хөл тавьж буй шиг сэтгэгдэл төрнө. Жиндүү хэрнээ таатай, жаахан айдастай боловч амттай санагдах тэр л мэдрэмж.


Өдгөө Монгол орны зүүн хязгаар, төрсөн нутагт минь хүмүүс наадмын өмнөх оройн бэлтгэл ажил гээд завгүй суугаа. Хамаатан садны зарим ах эгч нар, Улаанбаатар-Хэнтий чиглэлийн 300 гаруй км замыг туулж, наадамлах аянд хэдийнэ мордож амжсан тэрхэн мөчид би ах дүүсийнхээ яг эсрэг чиглэлд буюу эх орныхоо умард хязгаарыг зорин хөдлөв.


Хаа нэг тийш явах хүслийн дараа, түүнийгээ яг гүйцэлдүүлээд эхлэхээр сэтгэл санааны хурц шийдэмгий байдал алгуурхан арилж, хүндхэн бодлуудад дарлуулж эхэлдэг. Тэдгээр нь тийм ч “хүнд” асуудал биш гэдэг нь анх хөдөлсөн цэгээс цаашлах бүрийд илхэн болох ч зовуурь тээсэн мөчүүд хотоос гартал арилж өгөхгүй нь сонин.


Мөрөн хүртэлх унаанд бид жолоочтойгоо нийлээд тавуулаа явав. Надаас гадна хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй. Тэд тус тусдаа нэг гэр бүлийн улс. Харин би дуртай дуугаа чихэвчээр дамжин ирэхийг нь сонсож цонх ширтэн явлаа. Гэрийн гаднаас биднийг хөдлөхөөс цагийн өмнө орж эхэлсэн бороо одоо ч амсхийлгүй цонх шилбүүрдсэн хэвээр. Нөгөөдөр наадам эхэлнэ. Зарим нь төрсөн нутаг усандаа зорьж наадамлахаар, хэсэг нь наадмын амралт тааруулж аялал зугаалганд гарч буй бололтой. Тийм ч учраас хотоос гарах баруун аймгийг чиглэсэн замын турш түгжрэл нэн ихтэй. Урсгал даган хөвж яваа нэгэн бяцхан завин дээр сэлүүргүй суучихсан шиг санагдана. Учир нь тэр их машин өөрсдийн зөн, залуурчны гарын хүчнээс үл хамааран гэрлэн дохионы зохицуулалтаар л хэсэгхэн зуур урагшилна.


Улаанбаатарт бороо орж байна. Умардыг зорихоор зориглосон үеэс л төрсөн “яагаад” гэх асуултыг бороон чимээ далимдуулан мартагнаж явлаа. Заримдаа энэ асуултанд хариулахгүй өнгөрөх нь дээр юм шиг санагдана. Учир нь хэзээ хойно нь ямар ч асуултын хариу олддог шүү дээ.


2. ЗОРИХ ГАЗРЫН ЭХЭНД

Өгий нуурын өглөө 


Хөвсгөлийг зорьсон эхний өдрийн өглөөг Архангай аймгийн нутагт байх Өгий нуурын эрэгт угтав. Уг нь зорьж яваа газрынхаа чигт үүгээр дайран өнгөрөхгүйгээр явж болох байлаа. Гэвч хүрээд иржээ. Заримдаа аливаа тохиолдлын учир шалтгааныг хөндөлгүй орхисон нь дээр.


Би өмнө нь нэг удаа Хөвсгөл далайг нүдээр үзэж, тунгалаг толионоос нь алгаараа хутган духандаа хүргэж, хадан байцийнх нь орой дээрээс үүлсийн нүүдэл ширтэж суусан юм. Харин энэ удаагийнх шиг орон хотоосоо шуудхан Хөвсгөлийн зүг жолоо татаж байсан удаагүй. Учир нь их л холоос тэмцэж, замын уртыг туулан байж тэнд хүрсэн. “Өнгөрсөн хойно зовлон бүхэн жаргал байдаг” гэдэг шиг сүүлд санахад урт замын дунд жаахан алжааж байсан минь энэ удаагийнхтай харьцуулахад юу ч биш санагдсан гэдгийг уншигч танд дуулгачихъя.


Өгий нуурын баруун хойд талд байрлах амралтын газраас 20 хүрэхгүй метр алхсаар нуурын эрэгт ирэв. Өчигдөр замын турш шаагисан хүйтэн бороо энд огтоос дусал унагаагүй мэт нам гүм. Өгий нуурын зөөлөн долгио өглөөн наранд гялбалзан гилбэлзэж, нуурын эргээс шургаж орсон жижигхэн модон тавцангаас хүлээтэй байх хуучин завь эзнээ хүлээн уйтгарлана. Хотын шуугианаас холдохын төдийд л мэдрэгдэх ажин түжин, амар амгалангийн тухай мөрөөдөлдөө би цэг хатгаж сууна.


Хоног төөрүүлсэн газартаа эргэн ирвэл хамт явсан багийнхан маань хэдийнээ хоол цай бэлдээд тавьчихжээ. Ийнхүү цайлж аваад Хөвсгөл аймгийн Мөрөн сумыг зорин хөдлөв. Тэндээс л бүх юм жинхэнээсээ эхэлнэ дээ...


3. УМАРДЫН НУУРАНД ХҮРЭХ ЗАМ

Хөвсгөл аймгийн Цагаан нуур


Долдугаар сарын 11. Үндэсний их баяр наадмын өглөө Мөрөн хотоос Цагааннуур сумыг зорих унаа олно гэдэг нэлээд бэрх аж. Учир нь Хөвсгөлчүүд наадамлаж байна. Тийм ч учраас өдөржин, шөнөжин уул ус, хад чулуу, шавар намагтай бартаат замаар явж хүрдэг Цагааннуур сумыг зорих унаа олдсонгүй. Харин өмнө нь Эрхүү хотод танилцсан танил маань Цагааннуур сум явах гэж буйтай нь таарав. Түүнийг С.Билигсайхан гэдэг. Тэрбээр надаас нэлээдгүй хэдэн насаар ах. “Өө, найз нь нэг унааны сураг дуулсан. Үдээс хойш хөдлөх юм гэсэн байх шүү” хэмээгээд хэд хэдэн хүн рүү утас цохисон хойно Цагааннуур сум явах машины жолоочийн дугаарыг олж авлаа. Мэнд мэдэлцсэний хойно, хэзээ явахыг нь тодруулж, “Хоёр хүний суудал захъя” гэсэн дөрвөн үг хэлээд л жин тан болов.


Мөрөн хот, Цагааннуур сум хоёрын хоорондын зай 279 км. Гэвч тэнд хотоос аймгийн төв рүүгээ шурдхийдэг шиг хатуу хучилттай замаар хэдхэн цаг давхиад хүрчихгүй. Бид цагаан өнгөтэй фургон машины хамгийн арын суудалд тухалцгаав. Бидэнтэй цуг тайгын цаатан ардыг зорьж яваа Жадамба ах, өөрийн хамаатны дүү болох Чингисийн хамт явж буйг зам зуур үгс солилцохдоо мэдэв. Бусад зорчигсод нь Цагааннуур сумын иргэд явна. Тэдний ихэнх нь дархадууд бөгөөд дархад  аялгаар хоорондоо үг солилцоно. Ямар нэг зүйл асуухад огтхон ч цааргалалгүй хариулах бөгөөд харин өөрсдөө хүнд асуулт тавьдаггүй, хоорондоо нэг их ярьдаггүй болов уу гэмээр сэтгэгдэл төрүүлж байв.  

Бэлтэсийн гол


Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутгаар дайрч, Баянзүрх сумын нутаг Бэлтэсийн голын гүүрэн дээр ирлээ. Энэ газар бол Мөрөн хот, Цагааннуур сум хоёр яг голын уулзвар. Жолооч нар болон замд яваа хүмүүс энд буудаллаж цайлж, амардаг. Тиймээс замынхаа талыг нь туулсан гэдгийг мэдэж болно. Яг эндээс замд таарах хамгийн өндөр даваа болох Тоомын давааг өгсөнө. Жолооч нар “Нарны эртэд Тоомын даваан дээр гарчихвал” гэж ярихыг очих, буцах замынхаа аль алинд нь олонтаа сонссон юм. Алсаас дээш өгсөх тус том давааны орой хүрэх зам гол ус, хад чулуу гээд хэцүү бэрхээр дүүрэн. Дээр нь машины ус байсхийгээд халах тул “мотороо цохиулахгүй”-н тулд байсхийгээд л усаа хөргөх хэрэгтэй болно.

Аян замд "мотор"-ныхоо усыг хөргөхөөр түр амсхийсэн нь...


Тийнхүү Тоомын давааг давж Улаан-Уул сумын нутаг руу орох замд Хорьдол Сарьдагийн нурууны өмнөд хэсэг буюу Өлийн Халзан даваан дээр гарч ирлээ. Давааны цаана даваа гэдэг нь энэ. Харин тус давааны орой дээр Дархад ястны тахин дээдэлдэг 13 овоо бий. Дархад түмэн эртнээс арван зүг, гурван цагийг шүтэн өргөл тахил өргөж, амьдрал ахуйгаа даатгаж иржээ. Тиймдээ ч дээрх тооны нийлбэр болох 13-ын тоог дээдлэн шүтэж энэхүү овоог босгосон түүхтэй хэмээн жолооч хийж явсан Б.Гэрэлт-Од ах ярив. Мөнхүү “Ерөөс Улаан-Уул сум, Хорьдол Сарьдаг, Ренчинлхүмбэ сумдын нутгаар дархад түмэн, цаатан ардын ахуй соёлыг илтгэсэн олон түүхэн дурсгалт газрууд бий. Тэдгээрийн нэг нь энэхүү Өлийн 13 овоо юм” гэдгийг нэмж хэлэхээ мартсангүй.


Бидний жолооч хийж явсан Б.Гэрэлт-Од ахыг нутгийн хүмүүс нь Гек гэж дуудна. Энэ нэрээр нь түүнийг Цагааннуур суманд бүү хэл Мөрөнд ч танихгүй хүн ховор гэнэ. Гек ах ихэвчлэн жуулчдад газар үзүүлэх, аялагчдын маршрутын дагуу жолооч хийж, Тайга үзэхээр зорин ирэгсдийг угтаж, байр сууцаар хангах ажил хийнэ. Тиймдээ ч газар орныхоо үүх түүх, зам харгуйг хэнээс ч илүү сайн мэддэг нэгэн. Хэдэн жилийн өмнө гэхэд л “Содура” киноны багийнханд тусалж, техник хэрэгслийг нь ачин олон арван газарт ахин дахин очиж явснаа дурсан яриад “Ээ дээ, тэр кино зураг авалт гэдэг чинь амар ажил биш байна лээ” гээд толгой сэгсрэн инээмсэглэж байлаа.

Жолооч Б.Гэрэлт-Од, алсад Хорьдол Сарьдагийн нуруу, Дэлгэрхаан хайрханы орой цэнхэртэн үзэгдэнэ


Замын турш бороотой


Цаашлах тусам зам хэцүү болж байв. Замын турш зөөлөн бороо шивэрч, зарим үед салхи ширүүснэ. Замд таарах олон жижиг гол горхийг гатлах үед машин суучих нь уу гэмээр шавар намаг туучин гарах нь энүүхэнд. Нар ч уулын цаагуур дөхөж буй бололтой үдшийн цагаан гэгээ орчихсон мэт л санагдана. Харин бидний дээгүүр тэнгисийн ус бүхэлдээ долгиолон давалгаалж буй аятай л хүнд саарал үүлс тунаран үзэгдэхээс өөр бараагүй.


Ийнхүү шөнө дүлээр Улаан-Уул сумын нутгийг туулан гарч, дээд Цагаан нуурын энгэрийн хад чулуу, мод ихтэй ойн замаар шөнөжин давхиулсаар үүрийн гэгээнээр Цагааннуур суманд ирлээ. Утасныхаа цагийг харвал 04 цаг 37 минутыг зааж байна. Мөрөн хотоос хэдэн цагийн үед гарснаа яг таг санахгүй байвч сүүлд дэвтрээ сөхөж харахуйд “13 цагийн турш явж Цагааннуур суманд ирэв” хэмээн тэмдэглэн үлдээжээ. Монголын хамгийн баруун хойд талын суманд ингэж үүрийн гэгээнээр хөл тавилаа. Умардын нууранд хүрэх зам саад бартаа ихтэй бөгөөд туршлагатай сайн жолоочтой явахгүй л бол хэцүү санагдаж байв. Мэдээж өөрийн гэсэн машинтай тус газрыг зорихоор болвол техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах хэрэгтэй. Учир нь монголчууд үер ус, бороо хур элбэгтэй зуны улиралд байгалийн сайханд амрахаар зорьдог шүү дээ. Хамт явсан С.Билигсайхантай ийнхүү хуучлахын завсар Гек ах хүмүүсээ буулгаж дуусаад биднийг өөрийнхөө гэрт авчрав. Цэлгэр том хашааны баруун талд нь хоёр давхар дүнзэн байшин харагдана. Харин хашааны голд, хоймор хавьцаа монгол гэр барьжээ. Гэрийн урдхан талд сүүдрэвч байх нь гадаа амарч суух хүмүүст зориулсан эд бололтой.


Жолоочийн гэр


Гех ахын хашаанд | Хоноглосон гэр


Гек ах бидний ачааг буулгаж өгөх зуур “За, энэ жил ганцхан л гэр барьсан юм. Та хэд ороод сайхан амарчих. Өнөөдөр наадмын хоёр дахь өдөр учир Тайга руу явах хөтөч, морь олдохгүй. Тиймээс би өдөр тийш хүмүүстэй уулзаж ярьж өгнө. Харин маргааш л замд гарах байх” хэмээлээ. Тэрхэн агшинд “Та жуулчид их хүлээж авдаг гэсэн. Энэ жил ганцхан гэр барьсан хэрэг үү” гэж лавлахад “Энэ онд COVID-19 өвчнөөс болоод гадаадын жуулчид ирээгүй. Дотоодын жуулчид ч бас саяхнаас л үзэгдэж байна. Тэгээд л олон гэр бариагүй юм. Өмнө нь бол гэрээс гадна манай хашаанд гадас хатгах зайгүй л олон майхан багширалдаж байдаг байлаа шүү дээ” гэв.


“Монгол гэрт орох л хувьтай төгөлдөр байна” хэмээн яруу найрагч Мө.Батбаярын бичсэн шүлэг бодогдов. Гэрийн баруун хойд, урд буланд аяны зориултын ор тавьж, хөнжил гудас дэвсэн засчээ. Харин зүүн хойно нь том эрээн модон ор байруулсан үзэгдэнэ. Гек ахын эхнэр хоромхон зуур гал өрдөхөд гэр дорхноо дулаацчихав. Үүрээр сэрүүхэн байсан учир даарч хөрсөн бидний нөхөд галд ойртож суугаад амсхийлээ. Хуурай мод чад чадхийн асч, гадаа хүйтэн салхи үлээх нь сонстоно.


4. 1048 КМ-ЫН АЛСАД

Цагаан нуурыг эмжин орших Цагааннуур сум


Хөвсгөл аймагт Цагаан-Уул, Цагаан-Үүр гэсэн сумд бий. Харин Цагааннуур сумын нэрийг худам монгол бичгээр “чаганнагур” гэж бичнэ. Тиймдээ ч сумын нэр учраас тэмдэг нэрийн үгсийг хооронд нь нийлүүлж бичдэг байна. Уг сумын төв нь Улаанбаатар хотоос 1048 км-ын зайд алслагдан оршдог.


Анх Мөрөнгийн төвөөс очих газрынхаа байршлыг “google maps”-аас харахад Гурвансайхан гэж гарсны учрыг энд ирээд ойлгов. Цагааннуур сум нь хуучин цагт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын бригадын нэгжид хамаарагддаг байжээ. Харин 1985 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 245 дугаар зарлигаар Ренчинлхүмбэ сумын цаа буга, ан агнуурын аж ахуйг түшиглүүлэн Цагааннуур сумыг байгуулсан түүхтэй. Харин хуучин бригадын төвийн нэр нь Гурвансайхан хэвээр үлдсэн юм.


Мэдээж умардын өндөрлөг уулсын дунд очиж үзэж байгаа тал газрын хүү надад зүг чигээ алдаж, толгой эргэх явдал тохиолдоно. Гэвч монгол гэрийн хаалгыг хааш харуулж барьсныг үзээд л зүг чигээ төвөггүй олчихож байлаа. Гол нь монгол гэр их цөөхөн бөгөөд олонх нь дүнзэн байшинд сууна. Мөнхүү малын хашаа, саравчтай айл нэлээдгүй буйгаас үзвэл Цагааннуур сумандаа суурин сууж мал малладаг иргэд олон байдаг бололтой. Сумын зүүн их бие, зүүн урд хормойг эмжин цэлийх Цагаан нуурын урт барагцаагаар 20-иод км байдаг. Хойд талд нь Гурвансайхан, баруун хойд талд нь Ренчинлхүмбэ уул дүнхийнэ. Харин нутгийн хамгийн өндөр уул нь 3065 метрийн өндөрт орших Хойд Агарын оргил юм. Сумын хүн амын 40 гаруй хувийг цаатан иргэд эзэлдэг бөгөөд газарзүйн байршлын 80-90 хувь нь тайгын бүс нутагт хамаардаг байна. Тиймдээ ч “Ой модны баялгаар аймагтаа эхний байранд ордог” хэмээн Гек ах их л бахархангуй өгүүлнэ.


Улсын нийслэлээс 1048 км алслагдсан Цагааннуур сумын зүүн захаас баруун хойд талын наадмын дэнж хүртэл алхав. Зосон улаан хашаатай дүнзэн байшингууд тэртээ хорин жилийн өмнөх бага нас, Батноровын сууринг минь эрхгүй санагдуулна. Өдгөө суманд маань их бүтээн байгуулалт өрнөхийн зэрэгцээ, зарим байшин барилга нь социализмын үеийн дүр төрхийг хадгалсан цагаан шохойн өнгөтэй хэвээр. Харин энд бол уулс усны баялагтаа түшиглэж, өөрсдийн зөнгөөр бүтчихсэн мэт л дүнзэн байшин, малын чулуун хороо эгнэнэ. Зарим гудамжны догол нь хэт уртаас болж, хэдэн эгнээ гудам уруудаж алхаснаа таамаглах төдий хоцрох нь бий.

Дархад түмэн наадамлаж байна


Ийнхүү явсаар наадмын дэнжид хүрэв. Их насны морьд зурхайгаас гарч байлаа. Уяачид морьдоо мордуулах гээд тун завгүй. Талбайн цагаан хоолойгоор уртын дуу хангинана. Хүүхдүүд хамгийн гоё хантааз, даашинзаа өмсөж, хүүхнүүд нь өнгө өнгийн ганган тэрлэгээр гоёжээ. Талбайн зүүн талаар бэлэг дурсгал, худалдааны төвүүд ярайж тэдгээрийн урдуур наадмын хуушуурын гэрүүд эгнэсэн үзэгдэнэ. Замдаа хос борлог морь хөтөлсөн залуутай уулзаж, зургийг нь дарж амжив. Биднийг ирэхээс өмнө жороо морь, хос морьтны тэмцээн болоод дууссан гэнэ. Цагаан нуурын эрэгт очин цайлж, нуурын толио шүргэсхийн загас шүүрдэх шувууд, усанд нь тусах уулсын оргил ширтэж яваад хоцорчихсон минь тэр. Гэхдээ л харамсах сэтгэл төрсөнгүй.


Наадам ч болдогоороо болоод дуусав. Харин маргааш бид цааш замдаа гарна. Хөвсгөл аймгийн Зүүн тайгыг зорих аяллын төмөр хүлгээ мориор солино. Зуны тайга руу машин ер нь л үл хүрэх бөгөөд энэ жил цаатнууд цар тахал гарснаас болж бүр ч хол, тайгынхаа гүн рүү буусан гэх сураг чих дэлсээд амжлаа.


Үргэлжлэл бий...

 

 Гэрэл зургийг | Б.Алтанхуяг

 

Холбоотой мэдээ