"FeelMongolia" аппликэйшны тусламжтайгаар дотооддоо аялах боломжтой

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-07-06 12:59:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалын салбар "COVID-19"-ийн халдварын цар тахлын хөл хорионоос үүдэлтэйгээр энэ оны эхний 5 сард 120 гаруй сая ам.долларын алдагдал хүлээгээд байна. 

Тур оператор 300 гаруй компани, мөн тооны зочид буудлын үйл ажиллагаа бүрэн болон хэсэгчилэн зогсож, эдийн засгийн хүндрэл, ажлын байрны цомхотголтой тулгараад буйг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Баясгалан өнөөдөр мэдээллээ. 

Гэхдээ аялал жуулчлалыг сэргээх нэг боломж байна. Тэр нь дотоодын аялал жуулчлалыг эрчимжүүлэх. Дотоодын аялал жуулчлалын компани, ААН-үүдийг дэмжих замаар дотоодын жуулчдын урсгалаа нэмэгдүүлэх эрэлт буйг тэрээр онцоллоо. 

Учир нь өнгөрсөн онд дотоодын аялагч жуулчдын урсгал давтагдсан тоогоор нэг орчим сая байв. Мөн дотоодоос гадаад орнууд руу чиглэсэн аялагч жуулчид давтагдсан тоогоор 2.4 сая байжээ. Дээрх тоонууд нь монголчууд сүүлийн жилүүдэд аялах нь ихэсч аялал жуулчлалын эрэлт нэмэгдсэнийг харуулж байна. Тиймээс "COVID-19"-ийн хөл хориотой, хил хаагдсан энэ үед дотоодод аялал жуулчлалын эрэлт бий болно хэмээн үзэж энэ боломжийг ашиглахаар ажиллаж байна гэв. 

Үүний нэг үйл ажиллагаа болох дотоодын иргэд аялагч нар аяллын мэдээллийг нэг дороос хүргэх гар утасны "FeelMongolia" аппликэйшныг өнөөдөр БОАЖЯ-наас танилцууллаа. Тус аппликэйшныг "IHOTEL" болон "JOINME" ХХК хамтран бий болгож андройд болон IOS систем дээр байршуулжээ. "FeelMongolia"-д эх орноороо аялах үзэсгэлэнт газруудын мэдээллийг 21 аймгаас авч бүрэн оруулжээ. Мөн орон нутагт байрлах жуулчны бааз, зочид буудлуудыг байршуулсан тул аялагчид зорих газраа товлохоос гадна захиалга өгөх боломжтойг "IHOTEL" ХХК-ийн захирал Б.Золбадрал хэлж байв.


Тэрээр, одоогийн байдлаар "FeelMongolia" аппликэйшнээр захиалга өгөх иргэдийн тоо өсөж, 7 дугаар сард аялагчдын захиалга дүүрэх хандлагатай байна гэв. Онлайнаар ажиллах "FeelMongolia" платформ талбарт аялал жуулчлалын мэргэжлийн 50 гаруй байгууллага, ААН-ийн болон 300 зочид буудлын 100 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээг бүртгээд байгаа аж. 


БОАЖЯ-наас мэдээлж буйгаар амралт, аялал эхэлж буй 7 дугаар сараас он дуустал дотоодод хамгийн багадаа 500 мянган хүн аялна гэж тооцож байна. Аялагч иргэн өдөрт дунджаар 50-80 мянган төгрөг зарцуулна гэж үзэхэд 220 тэрбум төгрөгийг аймаг, орон нутгийн эдийн засагт оруулах боломжтойг дурдлаа. Дотоодын аяллыг сэргээхдээ аялал жуулчлалын газруудыг "COVID-19"-ийн үед баримтлах дэг журмыг сахиулан ажиллуулах нь. Аялал жуулчлалын газруудад юуны өмнө эрүүл мэндийн дуудлага өгөх, үйлчилгээ явуулах боломжоор хангана. Өнөөдрийн танилцуулж, нэвтрүүлж эхэлж буй "FeelMongolia" аппликэйшнд эмнэлгийн тусламж авах мэдээллийг оруулсныг хэллээ. 

Монголын Зочид буудлын холбооны ерөнхийлөгч С.Мөнхбат оролцож хэлэхдээ, зочид буудлын салбарын үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байгаа ч дотоодын аялагчдыгаа тав тухтай амраахын тулд хөнгөлөлттэй үнийн бодлогоор БОАЖЯ-тай хамтран ажиллаж байгааг дуулгалаа.


Тэрээр, "Хөдөө орон нутгийн аялагчид Улаанбаатар хотод ирээд зочид буудалд байрлах боломжтой. Тиймээс үүнд уян хатан хандаж 50-70 хувь хүртэлх хөнгөлөлтийг үзүүлсэн. Харин хөдөө орон нутагт 280-аад зочид буудал үйл ажиллагаа явуулдаг. 3 дугаар сараас хойш мөн л адил өөрсдийн хэмжээнд хөнгөлөлт урамшуулал үзүүлж байна. Аливаа бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй албан байгууллагад шууд тэдэн төгрөг болго гэж тушаах боломжгүй. Тиймээс хувьчилсан байдлаар үндсэн үнээсээ хөнгөлөх тохиролцоонд хүрэн хамтран ажиллаж байна" гэв.

Дотоодын аялал жуулчлалыг дэмжин сэргээхтэй холбогдуулан иргэдийг хоггүй, зөв зохистой, соёлтой аялж амрахыг ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас өнөөдөр мөн уриаллаа. 

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ