Гуравдугаар сар гарснаас хойш 180 гаруй сэтгүүлч коронавирусний халдвараар нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-07-01 17:05:18

ЖЕНЕВ. /TASS/. Сүүлийн дөрвөн сарын дотор дэлхийн 35 орны 180 гаруй сэтгүүлч коронавирусээр халдварласны улмаас нас баржээ. Ийм мэдээллийг Женевт төвтэй “Press Emblem Campaign” /PEC/ төрийн бус байгууллага нийтэлсэн байна.


“Гуравдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 30-ны хооронд дор хаяж 186 сэтгүүлч “COVID-19” өвчний улмаас нас баржээ. Зургадугаар сард 59 сэтгүүлч нас барсан тохиолдол бүртгэгдсэн байна. PEC-ийн мэдээлэлд тэмдэглэж буйгаар, зарим улсад цар тахлын тархалтын талаар бүрэн мэдээлэл байхгүй, нас барсан хүмүүст бүгдэд нь коронавирусний шинжилгээ хийгээгүй учраас энэ тоо бодит байдал дээр “хамаагүй их” байж магадгүй байгаа аж.


Энэ үзүүлэлтээр бүс нутгийн дунд Латин Америк нэгдүгээрт орж байгаа бөгөөд тус бүс нутагт хэвлэл мэдээллийн 93 ажилтан “COVID-19” өвчний улмаас нас баржээ. Латин Америкийн дараагаар Ази /34/, Европ /26/, Африк /19/ болон Хойд Америк орсон байна. Улс орнуудаас Перуд /37/ хамгийн олон сэтгүүлч нас баржээ. Дараа нь PEC-ийн жагсаалтад Бразил /16/, Мексик /14/, АНУ /13/, Эквадор /12/, Пакистан /10/, Бангладеш /9/, Энэтхэг /9/, Нигери /8/, Их Британи /7/, Боливи /5/, ОХУ /5/, Никарагуа /4/ болон Франц улс /4/ бичигдсэн байна.


Доминиканы Бүгд Найрамдах Улс, Испани, Итали болон Камерунд тус бүр гурван сэтгүүлч нас барсан байна. Энэ жагсаалтад нийт 35 улс багтжээ.


Холбоотой мэдээ