Онлайн хурлаар олонхийн санал авсан нь ШЕЗ-д багтана

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-05-11 14:36:01

ШЕЗ-ийн байранд өнөөдөр 10 цагаас орон нутгийн бүх шүүхийн байгууллагын төлөөлөл шүүгч ид оролцсон онлайн зөвлөлгөөн эхлээд одоо ид үргэлжилж байна. Энэ зөвлөлгөөн нь ШЕЗ-ийн шинэ бүрэлдэхүүнд орох хүмүүсийг нэр дэвшүүлэн санал хурааж буй үйл явц юм. Энэхүү онлайн зөвлөлгөөнд 99 шүүхийн 100 гаруй шүүгч санал өгч байна.

ШЕЗ-ийн хурлын танхимд Анхан шатны шүүх буюу Л.Даваасүрэн даргатай комисс, Давж заалдах шүүх буюу Ё.Цогтзандан даргатай комисс тус тусын ширээнд сууж орон нутгаас ирэх саналуудыг нэгтгэн хянаж байна. Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүгчид хуралдаж ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийг тодруулсаар байна.

Өнөөдрийн хурлаар хамгийн гол нь ШЕЗ-ийн даргад өрсөлдөж байгаа одоогийн ШЕЗ-ийн дарга, доктор Н.Лүндэндорж, Гавьяат хуульч, Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат хоёрыг олонхийн саналаар сонгож Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх эсэхээ шийднэ. Давж заалдах шатны шүүхээс Д.Эрдэнэчулуун, Д.Дамдин-Од нарыг хэвээр үлдээх санал давамгайлж байгаа харагдана. Гавьяат хуульч Б.Сарантуяагийн хувьд Ерөнхийлөгчийн зарлигийн хугацаа дуусаагүй тул 12 дугаар сар хүртэл хүлээж, тухайн үед шийдвэр гаргах юм байна. Харин Ж.Эрдэнэчимэгийн хувьд шүүгчийн ажил хийхийг сонгож,  сонгон шалгаруулалтад орохоор болжээ. Ийнхүү өнөөдрийн саналын дагуу хуульд зааснаар ШЕЗ-ийн шинэ бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч 30 хоногийн дотор томилох ёстой. Санал хураалт өнөөдрийн оройн 18 цаг хүртэл үргэлжлэх юм.

Ж.Батсайхан

 

 

 

 

Холбоотой мэдээ