“Microsoft” өнгөт арьст ажилтнуудынхаа тоог хоёр дахин нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-25 14:09:44

МОСКВА. /TASS/. Компанидаа удирдах албан тушаал хашдаг өнгөт арьст иргэдийн тоог нэмэгдүүлэх замаар арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэхэд чиглэсэн хэд хэдэн арга хэмжээ авахаа “Microsoft” компанийн тэргүүн Сатья Наделла мэдэгджээ.


Өнгөт арьст менежерүүд, удирдах албан тушаалын хүмүүсээ 2025 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлнэ хэмээн тэрбээр хэлжээ. Түүнчлэн африк гаралтай америк ажилтнуудыг цаашид өсөж дэвшихэд нь зориулж манлайлах ур чадварыг хөгжүүлэх тусгай хөтөлбөрийг зохион байгуулах аж. Үүнээс гадна сурагчдынх нь дийлэнх хувийг өнгөт арьст иргэд эзэлдэг сургуулиудад мэдээлэл зүйн сургалтын сайн дурын хөтөлбөрүүдийг өргөжүүлэх, голдуу өнгөт арьст иргэд суралцдаг их дээд сургуулиудад үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэх аж.


Гурван жилийн хугацаанд “Microsoft” өнгөт арьст эзэнтэй нийлүүлэгч компаниуд болон банкуудад хийдэг гүйлгээнийхээ хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхийг зорьж байна. 


Африк гаралтай Америкийн иргэн Жорж Флойд нас барсны дараа АНУ-д эсэргүүцэл дэгдэж, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан тэгш бус байдлын асуудал хурцадсан юм. Цагдаа нар Флойдыг баривчлахдаа боох мэх ашиглажээ. 

Холбоотой мэдээ