Эрчим хүч тасарсан ч санал хураалт хэвийн явсан

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-06-24 23:56:39

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал хураалт 21.00 цагийн байдлаар 76.7 хувьтай байна.

Аймгийн хэмжээнд 21.00 цагийн байдлаар 36355 иргэн саналаа өгчээ. Сонгуулийн санал өгөх үйл явц дараалал үүсгэлгүй, жигд боллоо. Иргэд халдвараас урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон хэмээн аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв.

Харин сонгуулийн санал авах явцад аймгийн хэмжээнд хэд хэдэн газар эрчим хүч тасарсан байна. Гэсэн хэдий ч санал хураалт хэвийн явсан гэв. Тухайлбал өнөөдөр өглөөний 11.15 цаг, 19.00 цагт 10-20 секунд орчим төвийн бүсээс болон Булганаас эрчим хүч тасарсан. Улиастай сум доторх эрчим хүчний өндрийн кабелийн мүфт буусан гэмтэл гарч эрчим хүч гурван цаг орчим тасарсан. Эрчим хүчний гэмтлийг засварлахаар долоон хүний бүрэлдэхүүнтэй засварын бригад шуурхай ажиллаж гэмтлийг зассан хэмээн АУЭХ-Завхан салбараас мэдээлэв. 

Холбоотой мэдээ