Хар тамхины аюул хажууд чинь  байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-05-11 13:52:39

Өнгөрөгч 4 дүгээр сарын 10-ны өдөр Замын-Үүд дэх хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монголын иргэн Х  хүний дамжуулсан барааг БНХАУ-ын хилээр авч гарчээ. Гэтэл Эрээн хот орох замд нь тус улсын цагдаагийн байгууллагаас шалгаж, хар тамхи зөөвөрлөж явсан хэмээн баривчилсан байна.

Дээрх хэргийн талаар Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Б.Болдоос лавлахад “Хар тамхи хэрэглэсэн буюу биедээ авч явж байгаад саатуулагдсан" гэх мэдээлэл ирсэн. Он гарсаар 9 иргэн хилийн чанадад хар тамхины хэргээр баривчлагдсан. Эдгээрийн дийлэнх нь БНХАУ-д байгаа. Ер нь Монгол Улсын 33 иргэн гадаадад хар тамхины хэргээр ял эдэлж байгаагаас 25 нь БНХАУ-д ял эдэлж байна. Консулын зүгээс энэ төрлийн гэмт хэргийн ялтнуудыг ялтан шилжүүлэх гэрээгээр эх оронд нь авчрах боломж байдаггүй” гэсэн хариулт өглөө. Манай улсыг хэдхэн жилийн өмнө  “Хар тамхийг дамжуулагч орон” хэмээж байсан бол одоо “Хэрэглэгч орон” гэж тодорхойлох болжээ. Албан бусаар, манай улсын хэмжээнд хар тамхи хэрэглэгч 6000 гаруй хүн  байгаа гэх тоо бий. Манай иргэд санамсаргүйгээсээ болж хар тамхины хэрэгт холбогдож золиос болох явдал цөөнгүй байна. Өнгөрсөн онд ийм  хоёр хэрэг гарчээ. Дэлхийн улс орнуудад хар тамхины тухай хууль маш хатуу байдаг. Урд хөршид 50 граммаас дээш хэмжээний хар тамхийг ашиг олох зорилгоор тус улсын хилээр оруулж ирсэн бол цаазаар авах ял оноодог. Гэмт хэргийн нөхцөл байдал, хүнд уруу татагдсан, хууртагдсан, эсвэл завдсан гэдэг утгаар нь ялгавартай хандаж хугацаагүй хорих хүртэл ял оноодог байна. Өнөөдрийн байдлаар БНХАУ-д хар тамхины хэргээр ял эдэлж байгаа Монгол улсын 25 иргэний дунд цаазын ял сонссон 3 иргэн байгаа. Тиймээс гадаад улсын хилээр гарахдаа бусдын дамжуулсан бараа, ачаа тээш авч явахгүй байхыг анхааруулж байна. Хар тамхины аюул хажууд чинь байна шүү.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ