"Эрдэнэ Ресурс Девелопмент" хүдрийн нөөцөө нэмэгдүүлэхээ мэдэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-06-23 17:21:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК "Баян Хөндий” төслийн талбай дахь өрөмдлөгийн үйл явцаа хөрөнгө оруулагчдад мэдээлжээ. 

Уг мэдээллээр, "Баян Хөндий” төслийн "Mid-Field" бүсийн хүдрийн гол биетээс зүүн өмнө зүгт орших хэсэгт алтны шинэ бүс илрүүлжээ. Хэд хэдэн цооногт нүдэнд үзэгдэх алт тогтоогдоод байна. Үүнээс улбаалаад өндөр агуулга бүхий хүдрийн нөөцөө нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. Сорьцын шинжилгээний хариуг III улирлын эхээр гаргах аж. Тус компанийн хувьцааны ханш өнгөрсөн 7 хоногийн пүрэв гарагт Торонтогийн Хөрөнгийн биржийн арилжаа хаагдах үед хэлбэлзэлгүй, 0.3 канад доллар байлаа. Учир нь "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК Торонтогийн бирж болон Монголын Хөрөнгийн  биржид давхар бүртгэлтэй Монгол дахь анхны компани юм. 

Дээрх компани нь Хөндий алтны төслийн хараат бус Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг Европын Сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-наас тавьдаг гүйцэтгэлийн шаардлагын дагуу "Sustainability East Asia LLC", "Ramboll Australia Pty Ramboll" болон "Eco Trade LLC" зэрэг компанитай хамтран боловсруулж дууссан талаарх мэдэгдлийг Монголын Хөрөнгийн биржид ирүүлжээ. 

Мэдэгдэлд дурдсанаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний олон нийтийн хэлэлцүүлгийг энэ оны дундуур хийхээр төлөвлөжээ. Хэлэлцүүлгийн дараа Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг батлуулахаар БОАЖЯ-нд хүргүүлэх аж. 


Холбоотой мэдээ