Онцгой байдлын албаны өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-06-20 10:03:36
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Одоогоос 17 жилийн өмнө буюу 2003 оны 6 дугаар сарын 20-ны энэ өдөр УИХ-аар Гамшгаас хамгаалах тухай хуулийг баталснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулагдах үндэс суурь тавигдсан байдаг. Энэ дагуу 2004 оны Засгийн газрын хуралдааны нэгдүгээр тогтоолоор тус газрыг байгуулж, 2005 онд Гамшгаас хамгаалах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Онцгой байдлын ерөнхий газар болгон өөрчилсөн түүхтэй.


Энэ хугацаанд гамшгаас хамгаалах үндэсний чадавхыг бэхжүүлэх, гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, Онцгой байдлын байгууллага, түүний харьяа анги, салбарыг олон улсын байгууллагын жишигт ойртуулан орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэх, эрх зүйн орчин бүрдүүлжээ.


Онцгой байдлын албаныхан хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчноо гамшиг ослоос хамгаалан улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах үүргээ нэр төртэй биелүүлж 17012 эрдэнэт хүний амь нас, 310.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.


Мөн энэ хугацаанд аврах, гал түймэртэй тэмцэх материаллаг бааз, хүч хэрэгслийн хувьд өсөн бэхжиж, гамшгаас хамгаалах техник, тоног төхөөрөмжийн нөхөн хангалт 21.1 хувиар өсөж, парк шинэчлэл 60-70 хувьд хүрэн, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 40 гаруй анги, салбар шинээр байгуулагдаж тусгайлан бэлтгэгдсэн мэргэжлийн хүний нөөцөөр эгнээгээ тэлжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ